УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэн. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг маргааш 10:00 цагт Төрийн ордонд болно. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Цахим хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.
УИХ-ын 2022 оны 49 дүгээр тогтоолд:
- Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй бүх хэлбэрийг устгах бодлого, үнэлэх шалгуур үзүүлэлт болон хэрэгжилтийг хянах тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх,
- Өвлийн улиралд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулж хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох, хянах эрх зүйн зохицуулалтыг бий болгох,
- Цэргийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх, хүний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалтыг тусгах,
- Шинээр орон сууцны хороолол ашиглалтад орж байгаа болон хөдөө орон нутгаас шилжин суурьших иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулж өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал нэмэгдэх, эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмжид нөлөөлж байгаа асуудалд үр дүнтэй хариу арга хэмжээ авч, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвгүй хороо, суурин газарт стандартын шаардлага хангасан өрхийн эрүүл мэндийн төв байгуулах, өргөжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай тусгажээ.
УИХ-ын 2023 оны 35 дугаар тогтоолд:
- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох талаар санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх,
- Ахмад настны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтыг эрчимжүүлэх, насжилтын үеийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
- Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг судлан танилцуулах
- Монгол Улсын Үндсэн хууль, иргэний үндсэн эрхийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тухай тусгажээ.