ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс Дэлхийн Глауком өвчнөөс сэргийлэх долоо хоногийн хүрээнд хараа алдалтын эмгэг, өвчний талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн Глаукомын холбооноос жил бүр зохион байгуулдаг Дэлхийн глаукомын өдөр энэ жил гуравдугаар сарын 10-16-нд дэлхийн Глаукомын өдөр тохиож байна. Глауком бол харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэг. Нүдний даралт ихсэж болно. Ихсэхгүйгээр харааны мэдрэлд өөрчлөлт гарснаар хүнийг сохор болгох өндөр эрсдэлтэй өвчин юм. Дэлхий дээр 80 сая хүн энэ өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий.
Монголд хийсэн судалгаагаар дээрх өвчний тархалт 1.4 орчим хувьтай байна. Эргэшгүй хараа алдалтад хүргэдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, 40-өөс дээш насны хүн жилд нэг удаа нүдний эмчид үзүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн глауком өвчин нь хүүхэд, өсвөр үеийнхэн аль ч насныханд тохиолддог учир шинэ төрсөн нярай, өсвөр насны хүүхэд гэмтэл бэртэл авсан бол нүдний эмчид үзүүлэх шаардлагатай.