Сэлэнгийн Засаг дарга Ш.Оргилын хэргээс улбаатай, Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү тэргүүтний хэргийг давж заалдах шатны шүүх нь хэрхэх бол Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөөд удалгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консул болсон Ш.Оргилтой хамт яллагдагчаар татагдаад байсан тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, өдгөө тус аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, өмнө нь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга асан, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарын хэргийг өнөөдөр Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ.
Гэхдээ Засаг дарга асан Ш.Оргил хэд хоногийн өмнө эх орондоо ирж Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллагынхантай уулзаж яваа юм билээ. Дээр нэр дурдсан албан тушаалтнууд улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Ш.Оргилын найз Г.Баттулгын “Эко петролиум” ХХК-д давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдсон билээ. Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү нар ажилтнуудынхаа хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийг дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, дээрх компанийг тендерт шалгаруулсан байдаг.
Тэдэнд холбогдох хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч хууль хяналтын салбарт нэгэн үед ажиллаж байсан албан тушаалтнуудынхаа хэргийг шүүгч нар нь шийдвэрлэлгүй, үл ялих шалтгаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Үүнийг нь прокурорууд эсэргүүцэн тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнөөдөр хэлэлцэнэ. Тус шүүхийн ерөнхий шүүгч болон бусад шүүгч нар нь бас л хууль хяналтын байгууллагынхантайгаа ойр дотно нөхөрлөдөг учраас хэргийг шударгаар хянах, эсэх нь эргэлзээтэй.