Монгол Улс, ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн XIII хуралдааныг ОХУ-ын Санкт-Петербург хотноо гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг хуралдааныг Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Оросын талаас ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов нар тэргүүлжээ. Хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэж, тодорхой чиглэлүүдийн талаар санал солилцов.
Мөн хуралдааны төгсгөлд “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” 2004 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протоколд гарын үсэг зуржээ. Ингэснээр тус хэлэлцээрийн үйлчлэлийн хугацаа дахин таван жилээр буюу 2028 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.