Улсын хэмжээнд 21 аймгийн 251 сум зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Үүнээс 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудтай, нөхцөл байдал хамгийн хүнд байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Зудад 189 283 малчин өрх өртөөд буй гэнэ. Энэ нь нийт малчин өрхийн 76 хувь аж. Тэдгээр айлаас 72 462 нь маш хүнд нөхцөлд буюу цас их орсны улмаас зам, даваа хаагдсан, төвөөс алслагдсан газарт хаваржиж байна. Зудад өртсөн айл өрхүүдэд жирэмсэн эх 2556, 0-5 настай хүүхэд 29 026, өндөр настан 28 446, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10 701 байна гэх судалгааг холбогдох албаныхан гаргажээ. Түүнчлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тогтмол хамрагдах шаардлагатай, архаг, суурь өвчтэй 21 507 малчин зудтай бүс нутгуудад амьдарч буй гэнэ. Тэдэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд нийслэлээс 281 резидент эмчийг орон нутагт томилолтоор ажиллуулж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэд одоогоор 0-5 настай 2446 хүүхэд, жирэмсэн 325 эхэд тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Мөн 564 иргэнд яаралтай тусламж үзүүлээд буй гэнэ.
Ташрамд дурдахад, зудад өртсөн айлуудад туслах зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 3.1 тэрбум төгрөгийг УОК-т хандивлажээ. Мөн 805.1 сая төгрөгөөр үнэлэгдэх бараа, бүтээгдэхүүний хандивыг тус комиссынхон хүлээн авсан гэнэ. Үүнээс 701 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг зудтай аймаг, сумдад хүргэжээ.
Бэлтгэсэн М.Оч