Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хуулиар гэрийн тэжээмэл амьтдад хүчирхийлэл үйлдэхийг хориглосон байдаг. Мөн эзэнгүй амьтдыг түр асрах байранд хүргэж, хамгаалах тухай зохицуулалт оруулсан юм. Түр асрамжлах байр нь ариун цэвэр, хорио цээрийн шаардлагыг хангах, малын эмчтэй, эрүүл ахуйн хөтөлбөртэй байх учиртай. Үүний дагуу холбогдох албаныхан нь эзэнгүй нохой, муурыг түр асрах байр байгуулсан нь балаг тарьсаар байна. Тодруулбал, ямар ч мэдлэг, мэдээлэлгүй, бэлтгэлээ хангаагүй, хариуцах эзэнгүйгээр түр асрамжлах байр нэртэй “шорон” байгуулж, амьтдыг хүний хөлөөс зайдуухан газарт аваачин, “устгаж” буй талаар бид өмнө нь сурвалжилсан. Уг байрны орчин нөхцөлийг сайжруулсан, эсэхийг эргэн тодрууллаа.
Түр асрах байранд өнгөрсөн сарын 1-нд 100 гаруй нохой байв. Тэдэнд хөлдүү цувдай хаяж өгч, хуучин байшингийн нөмөр бараадуулан, төмөр тороор хашжээ. Эргэн тойронд нь цас хунгарлаж, бяцхан гөлөгнүүд бие биеийнхээ нөмрийг бараадацгааж байв. Уг нь 800 орчим сая төгрөгөөр түр асрах байр барихаар төлөвлөсөн гэх. “Удахгүй ашиглалтад оруулж, амьтдыг дулаан байранд хүлээн авна” гэж тэнд ажиллаж байсан хүмүүс хэлсэн юм. Харин өдгөө тэнд ажил хийх хүн үгүй болжээ. Түүнчлэн хүйтэнд 2-3-аараа хөлдөж үхсээр ноход нэг нь ч үлдсэнгүй. Уг нь 20 гаруй нохой үлдсэн байж.
Тэднийг нь фэйсбүүк дэх “Чукатай хамт зовсон амьтдад тусалцгаая” группийн залуус авчээ. Тус группийнхэн нохдыг мал эмнэлэгт үзүүлэхэд гөлөгнүүд хурц халдварт гударга өвчтэй байсан тул унтуулга хийлгэсэн гэнэ. Мөн найман нохой татах өвчинтэй байжээ. Ноход хоолгүй олон хоносноос болж ихэд сульдсан байсан гэнэ. Амьтанд хайртай хүмүүс эгдэн тэднийг эмчлүүлэхээр хандив цуглуулсан ч хэтэрхий ядарч, сульдсан ноход амьд үлдэж чадаагүй юм байна. Ингээд л түр асрах байранд хүргэсэн амьтдаас нэг нь ч амьдарсангүй.
Манай улс анх удаа Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсон хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь өөрсдөө түүнийгээ зөрчиж, хүнлэг бус хандлага гаргасаар байна. “Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд энэрэнгүй хандах, хүчирхийллээс ангид байлгах зарчим баримтална” гэж дээрх хуульд заасан. Гэвч үүнийг албаныхан бодит байдалд хэрэгжүүлсэнгүй. Мөн “Түр асрагчийн үүргийг гэрийн тэжээвэр амьтан өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлнэ. Гэрийн тэжээвэр амьтныг хоол хүнсээр хангах, халдварт өвчин, гэмтэл бэртэл авахаас урьдчилан сэргийлнэ” хэмээн тусгасан байдаг. Гэтэл түр асрах байранд амьтдыг хоол ч үгүй, хариуцах эзэн ч үгүй орхиж, улмаар үхэхэд хүргэв.
Амьтдын эрхийг ийнхүү зөрчиж буйг нь иргэд шүүмжилсэн ч тоох хүн олдсонгүй. Тухайлбал, “Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ-ынхан эзэнгүй нохой, муур барьж, түр асрамжлах байранд байрлуулах ажлыг хэрэгжүүлэхдээ иргэдээс санал авч, үйл ажиллагаа нь сайжруулах ёстой гэсэн хүсэлтээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өнгөрсөн сард хүргүүлжээ. Гэтэл тус албаныхан “Албан бичгээр хариу өгөх шаардлага байхгүй. Асрах байранд амьтан үлдээгүй байхад энэ талаар яриад хэрэггүй биз” гэсэн байна. Судалгаа, тооцоогүйгээр эхлүүлсэн ажлынх нь горыг амьтад амсчихаад байхад ч албаныхан гэмшсэнгүй. “Засварын ажлыг ирэх сарын 15 хүртэл хийнэ. Үүний дараа хариуцах эздийг нь томилно. Асрах байранд байсан амьтдыг эзэд нь ирээд авсан” гэх хариуг албаныхан хэлэв. Гэтэл өмнө дурдсанаар тэнд очсон амьтад өлсөж үхсэн. Харин алдсан амьтдаа хайсан эздийн цуваа одоо ч тасраагүй. “Түр асрах байрны талаар телевизээр гарсан мэдээгээр манай нохой харагдсан юм. Гэтэл очоод авах гэтэл байдаггүй” гэх хүн цөөнгүй гарсан гэнэ.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад хориглох заалтыг тусгасан байна. Тодруулбал, “Харгис хэрцгий арга хэрэглэхгүй байх, үржил хязгаарлах аргыг эн тэргүүнд эрхэмлэнэ. Олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, хүн амын суурьшлын бүсэд устгахгүй, нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх” гэжээ. Түүнчлэн “Хараа хяналтгүй орхих, өлсгөх, харангадуулсны улмаас үхэлд хүргэх”-ийг ч хориглосон. Эдгээрийг зөрчигчид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх юм билээ. Тэгэхээр амьтдыг түр асрах байранд хүргэх эрээр хоморголон устгагчид хариуцлагаа хүлээх ёстой. Ийм маягаар тэд 100 гаруй нохойг устгачихлаа шүү дээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн