Хөгжлийн банкны охин компани болох “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Болормаад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дууссан байна. Тиймээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлснийг эх сурвалжууд мэдээллээ. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 859 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 12-т нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлсний дунд олны анхаарал татсан нь дээрх албан тушаалтанд холбогдох хэрэг аж.
“Дархан арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчит ХХК-ийн захирал Д.Энхбаярыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт 2022 оны есдүгээр сард саатуулан шалгаж эхлэхэд түүнд давуу байдал олгосон үндэслэлээр “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Болормааг мөн мөрдөн байцаах болсон юм. 2019 онд “Дархан арьс ширний цогцолбор парк” төсөлд Хөгжлийн банкны хөрөнгөөс 15 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Уг төслийг 2017 оноос хэрэгжүүлэхээр болж, “Дархан арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчит ХХК байгуулсан бөгөөд эл төслийн нэгжийн захирлаар Хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Д.Энхбаярыг томилсон.
Ингээд Хөгжлийн банкны охин компани болох “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 15 тэрбумын хөрөнгө оруулалт авсан билээ. Эл мөнгийг“Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-д байршуулсан хөрөнгөөс гаргасан гэдэг. Тус сан нь стратегийн ач холбогдолтой, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий дунд болон урт хугацааны, өндөр үр өгөөжтэй боловч бэлэн байдал хангагдаагүй төслүүдийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах үндсэн зорилготой юм. Хууль журмын хүрээнд зээл олгосон гэдэг ч түүнийг гаргахад “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Болормаа эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал олгож, Хөгжлийн банкандаа хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон учраас ийнхүү дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод буй аж.
Мөн“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэв. Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн тус банкны албан тушаалтнууд болох гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Н.Мөнхбат, тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, дэд захирал Ч.Мөнхбаяр, Б.Чойжилжалбуу, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Будхүү, хэлтсийн дарга Д.Цогтбаатар, Л.Мягмаржав, ТУЗ-ийн дарга Б.Даажамба, тус банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан, “Бэрэн групп”-ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Т.Болдмаа, “Инжир” ХХК-ийн захирал Б.Батбаатар, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Н.Сүхболд, Барилга, хот байгуулалтын дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа, “Болор шүр” ХХК-ийн захирал Я.Батцэцэг болон тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдлынхоо үндэслэлийг тайлбарласнаар шүүх хурал завсарлаж өнөөдөр үргэлжлэхээр боллоо.