Иргэний зориг, ногоон нам үүсгэн байгуулагдсаны 24 жилийн ойн баярын хурал энэ сарын 9-нд болсон байна. Үүнд тус намын гишүүдээс гадна гуравдагч хүчний зарим намын дарга оролцжээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн УИХ-ын найман сонгуулийн долоод нь оролцож, тавд нь парламентад төлөөлөлтэй байсан гуравдагч хүчний ганц нам нь ИЗНН. Тус намын дарга Б.Батбаатар “24 жилийн хугацаанд ИЗНН цөөнгүй ажил санаачилж хийжээ. Бид авлигагүй нийгэм бий болгохын тулд анхны “3А” хөтөлбөрийг санаачилж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг төрийн бодлогод тусган БОНХЯ байгуулахад түлхэц болж, улмаар манай намын анхны дарга С.Оюун салбарын сайдаар ажиллаж байлаа” гээд удахгүй болох сонгуульд гуравдагч хүчний 35 намыг нэгдэж орохыг уриалснаа сануулав. Тэрбээр “Эх орныхоо сайн сайхны төлөө бид эвлэлдэж ажиллах цаг болсон. Энэ саналаа хэд хэдэн намд тавьсан, ихэнх нь нааштай хүлээн авч байна. Гэвч Сонгуулийн хуулиар бидэнд “занга” тавьсан. Улс төрийн хоёр нам нэгдвэл нийт сонгогчийн тав, гурваас дээш бол долоон хувийн санал авах ёстой. Мөн эвсэж сонгуульд оролцоод парламентад төлөөлөлтэй болсны дараа задарвал тухайн суудлыг бусад нам нь хувааж авах зохицуулалтыг хуульд тусгасан. Одоо цаг бага үлдлээ, энэ сарын 25-наас өмнө нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагаар хянуулах ёстой. Гэхдээ бид саадыг давахыг хичээж байна, чадна гэдэгтээ итгэж буй. Нэгдэж ажиллах намууд нийгэмд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх бодлого, гарцын тухай өөрийн шийдлийг санал болгон ярилцаж байна” гэлээ.
Түүнчлэн энэ өдөр есөн хүнийг тус намын “Хатан зориг” дээд одонгоор шагнасан байна. Цаашид ИЗНН нам байгуулагдсан өдрөө баяр болгон тэмдэглэж, байгаль орчин, шударга ёсны төлөө зүтгэсэн есөн хүнд жил бүр “Хатан зориг” одон гардуулах гэнэ.