АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 14.00-16.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Тус холбооноос энэ сарын 1-8-ны хооронд “Хаврын чуулган”, “Залгаарай, сонсъё” аян зэрэг цуврал арга хэмжээ өрнүүлж, бүсгүйчүүдэд болон нийгэмд тулгамдаад буй асуудлыг сонссон байна. Улмаар тэднээс ирүүлсэн санал, хүсэлтийг эрх баригчдад уламжилж, бодлого шийдвэр болгохыг шаардах зорилгоор дээрх тайван цуглааныг хийжээ.
Цуглааны үеэр АЭХ-ны тэргүүн Б.Жаргалан “34 жилийн өмнө бид улс төрийн эрх чөлөөний төлөө тэмцэж байлаа. Харин энэ удаа эдийн засаг, тэр тусмаа эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө боомилогдож буйд анхаарал хандуулахыг хүсэж байна. Бүсгүйчүүд хөдөлмөрийн зах зээлээс шахагдаж, хоёр эмэгтэй тутмын нэг нь л баталгаат ажил эрхэлж байна гэсэн судалгаа бий. Хүний эдийн засгийн эрх чөлөө хумигдахын хэрээр улс төрийн эрх, нийгэмд эзлэх байр суурь буурч байна” гэлээ. АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа “Нийгмийн амьдралд бухимдалтай зүйл олон байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн амьдралын чанар улам доройтлоо. Эмэгтэйчүүд, гэр бүлээрээ зүтгээд ч орлого нь амьдралд хүрэлцэхгүй болов. Ядуурал, ажилгүйдэл хавтгайрч байгаа учраас үүнд төр засаг анхаарлаа хандуулахыг бид шаардаж буй юм” гэлээ.
Энэ бүх байдалд эмэгтэйчүүд илүү их өртдөг, хөдөлмөрийн хөлсний үнэлгээ ялгаатай зэргээр тулгамдсан олон асуудал бийг тэд сануулжээ. Сонгуулиар иргэд 100 мянган төгрөгөөр саналаа худалддаг нь эдийн засгийн эрх чөлөөгүй байгаагийн тод илрэл хэмээн тэд үзэж буй юм. Тиймээс цаашид энэ бүх алдагдсан эрх чөлөөний төлөө АЭХ-ноос шат шаттай арга хэмжээ авахаа илэрхийлж, эх орон, үр хүүхдийнхээ төлөө нам үл харгалзан нэгдэхийг эмэгтэйчүүдэд уриаллаа.
Мөн АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Болорсүрэн “Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдэд нэр дэвших 30 хувийн квот олгосон хэдий ч нэг тэрбум төгрөгийн санхүүгийн босго тавьж байна. Ийм мөнгөгүй бол эмэгтэйчүүд тойрогт нэр дэвшиж, гарч ирж чадахгүй нь. Мөнгөгүй учраас намын жагсаалтаар л МАН, АН тус бүрээс 10 эмэгтэй гарч ирлээ гэхэд нийт 126 гишүүний 15 орчим хувь болно. Бүсгүйчүүдэд квот олгож дэмжлээ гэж буй ч бодит байдал ийм л байна” гэв. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор гарч ирж байж санхүүгээр босго тогтоодог, авлига авдаг буруу булхай тогтолцоог өөрчлөх учраас АЭХ-ноос санаачилсан “Эмэгтэйчүүдийг дэмжих сан”-д хандив өргөж, бүсгүйчүүдийг дэмжихийг тэд мөн хүссэн юм.
Бэлтгэсэн С.Уул