Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн Таяннуурын төмрийн хүдрийн ордын тусгай зөвшөөрөл болон 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэрийг дуудлагаар худалдахаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-аас өнгөрсөн сарын 29-нд зарлав. “Баян” Р.Базарын гэх эл компанитай холбоотой гомдол нэлээд гардаг. Тухайлбал, Таяннуурын төмрийн хүдрийн уурхайгаас ашигт малтмал олборлож, БНХАУ-д борлуулдаг тус компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгаль орчинд учруулсан хэмээн “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллага, Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэд, тус сумын Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийн байгуулсан “Шинэ зууны Цээл” төрийн бус байгууллагынхан шүүхэд 2016 онд нэхэмжлэл гаргаж байсан юм. Тус компанийн үйл ажиллагаанаас үүдэж, олон жилийн турш байгаль орчинд их хэмжээний хохирол учирч хүн, мал, амьтан, ургамал сүйдэх болсон. Төмрийн хүдрээ хүнд даацын автомашинаар шороон замаар тээвэрлэдэг нь Говь-Алтай аймгийн Цээлээр тогтохгүй Алтай сумын газар нутгийн экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулдаг байсан юм. Тиймээс уг нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бичсэнээр байгаль орчинд учруулсан хохиролд 10.8 тэрбум, улсын тэмдэгтийн хураамжид 54 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байсан юм.
Уг нь “Алтайн хүдэр” компанийн үйл ажиллагаанаас нь болж экологид хохирол учирч, хүн, мал, амьтан, ургамал сүйдэх болсонтой холбоотойгоор 2011 онд БОАЖНХЯ-наас газар дээр нь шалгаж, экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг нь тооцуулж гаргуулахаар шийдвэрлэж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, уурхайн амнаас Бургастайн боомт хүртэл хүдэр тээвэрлэх авто зам барих ёстой ч тавиагүй. Улмаар хүнд даацын автомашинууд шороон замаар хүдэр тээвэрлэснээс экологид хохирол учруулах болсон байдаг. Тиймээс тус яамнаас11 заалт бүхий шаардлага хүргүүлж байсан юм даг.
Тэгвэл энэ удаа “Алтайн хүдэр” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайн орд, 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэрийн хөрөнгийг юуны учир шүүхийн шийдвэрээр албадан дуудлагаар худалдах болсныг уншигчдадаа хүргэе.
61.25 САЯ ТН ХҮДРИЙГ ЕСӨН ЖИЛД ОЛБОРЛОЖ ДУУСГАХ УУ
“Алтайн хүдэр” ХХК-ийн Таяннуурын төмрийн хүдрийн ордыг, баяжуулах үйлдвэрийн хамт шүүхийн шийдвэрээр албадан дуудлага худалдаагаар борлуулах болсон гол үндэслэл нь Лондоны арбитрын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс үүдэлтэй. Тус шүүхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-наас нэхэмжлэл гаргаснаар ийнхүү барьцаанд тавьсан хөрөнгийг нь хурааж, худалдан борлуулахаар болоод буй аж. 2012 онд ЕСБХБ-ны ТУЗ- өөс Таяннуурын уурхайг хөгжүүлэхэд зориулж 30 сая ам.долларын хугацаатай зээлийг “Алтайн хүдэр” компанид олгох шийдвэр гаргаж, 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус компанийн дүрмийн санд хийсэн байна. Ингэхдээ 15 сая ам.долларыг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэхээр төлөвлөж байсан толгой компанийн хувьцааг авахад, 10 саяыг эл банкны эзэмших хувь буурахаас хамгаалах зорилгоор хоёр хувааж олгожээ. Уг хөрөнгө оруулалт нь Төв болон Зүүн Европ, мөн Төв Азийн орнуудыг зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой байсан гэнэ.
Эл банкныхны судалгаагаар “Алтайн хүдэр” компани нь Монголдоо төмрийн хүдрийн хайгуул, олборлолт эрхлэгч хоёр дахь том компани гэж дүгнэсэн аж. Хятадын баруун хэсэгт байрладаг гангийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ экспортолдог, жилд 2.3 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай бөгөөд энэ нь сүүлийн таван жилд зургаа дахин өссөн үзүүлэлт. Нийт нөөцийн хэмжээ нь 38 хувийн төмрийн хүдрийн агууламжтай 91.7 сая тонн. Компанийн төмрийн хүдрийн экспортын хэмжээ Монголын нийт экспортын 33 хувийг эзэлж байна. “Алтайн хүдэр” нь Монголын бизнес эрхлэгч Р.Базарын дангаараа эзэмшдэг хувийн компани юм. Уг компанийн дүрмийн санд хөрөнгө оруулалт хийсэн ЕСБХБ таван хувийн буюу цөөнх хувьцааг эзэмшдэг хэмээн танилцуулсан байдаг.
Тус банкнаас “Алтайн хүдэр”-т өгсөн хөрөнгө оруулалтаа үр дүнтэй байлгахын тулд судалгаа хийж, гүйцэтгэлийн шаардлага боловсруулан хүргүүлсэн ч үр дүнгүй байж. Тухайлбал, “Дэлхийн төмрийн хүдрийн салбарын нөлөөлөл, Кейс судалгаа: Монголын “Алтайн хүдэр” ХХК” гэсэн нэртэй судалгаанд “ЕСБХБ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байдаг тул Таяннуурын төсөлд тус банкнаас хөрөнгө оруулалт хийснээр уурхайн нийгэм, байгаль орчны менежментийг сайжруулах, малчид, орон нутгийн сонирхогч талуудад учирч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой хэмээн үзэж болох юм. Гэвч ЕСБХБ-ны оролцоо орон нутгийн сонирхогч талуудад үүсэж байгаа нийгэм, байгаль орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж чадахгүй байна. “Алтайн хүдэр” компани үйл ажиллагааг нь шүүмжилсэн Цээл сумын иргэдийг айлган сүрдүүлдгээрээ маш муу нэртэй болжээ. Компанийн эсрэг дуугарсан гэх, үйл ажиллагааг нь ил тодоор шүүмжилж гомдол гаргасан иргэдийн эсрэг ойролцоогоор долоон гомдол гарган, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байна. Шүүхээс тэр болгоныг нь “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгоход компани анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаж, иргэдийг Улаанбаатар хот руу шүүхэд дуудуулах зэргээр нэр бүхий иргэдэд хохирол учруулжээ” хэмээсэн байгаа юм.
Үүнээс үзэхэд ЕСБХБ-ныхан “Алтайн хүдэр”-т хийсэн хөрөнгө оруулалт нь үр дүнтэй байж чадаж уу, үгүй юү гэдэг судалгааг байнга хийж, эцэстээ тус компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор гэрээнд тусгасныхаа дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Тус арбитрын шүүхийн шийдвэр 2017 оны дөрөвдүгээр сарын 13-нд гарсан байна. Уг шийдвэрийн дагуу “Алтайн хүдэр” ХХК-иас нийт 31 170 540 ам.доллар, 15 736 евро, 1 138 549 фунт стерлинг гаргуулж ЕСБХБ-нд олгохоор шийдвэрлэжээ. ЕСБХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд “Төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар санаачилга муутай, төлбөрөө төлөхгүй удааширч байгаа. Эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн шалтаг зааж шүүхэд өгөөд цаг хугацаа ихээр алдагдуулж байна. Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ч түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд “Алтайн хүдэр” ХХК нь олборлолт явуулсаар байвал хамгийн багадаа 2.4 сая тн буюу 259 200 000 төгрөгийн төмрийн хүдэр олборлож улмаар ордын үнэ цэн, үнэлгээ буурах нөхцөл үүсээд байна. Өөрөөр хэлбэл, тус компанийн нэг жилд олборлож буй дундаж 3.2 сая тонноор тооцвол “Алтайн хүдэр” нь тусгай зөвшөөрлийн талбайд одоо байгаа 61.25 сая тонн төмрийн хүдрийн нөөцийг 19 жилд, харин уурхайн үндсэн хүчин чадал болох нэг жилд 6.5 сая тн-ыг олборлох хүчин чадлаар тооцвол есөн жилийн хугацаанд ашиглаж дуусахаар байна. Энэ нь тусгай зөвшөөрлийн талбай дахь ашигт малтмалын нөөц буюу үнэ цэн жил тутам 11 орчим хувиар буурч байна гэсэн үг” гэжээ.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ТУЗ-ИЙН ХУРЛАА ХИЙХГҮЙ УДААШРУУЛЖ БАЙВ
Арбитрын шүүхийн дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхээр НШШГГ-ынхан ажиллагаа хийж эхэлж. Ингэхдээ “Алтайн хүдэр”-ийн хөрөнгүүдийг “Сэлэнгэ эстимейт” ХХК-иар үнэлүүлсэн байна. Тус компани Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Таяннуурын баяжуулах үйлдвэрийг 2 948 450 000, ашигт малтмалын ашиглалтын 15377А тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгөөр үнэлгээ тогтоосон аж. Гэтэл “Алтайн хүдэр” ХХК-ийнхан уг үнэлгээг хүлээн зөвшөөрөлгүй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан гэнэ. Тус компанийнхан нэхэмжлэлдээ “Шинжээчийн дүгнэлтэд дээрх хөрөнгүүдийг ямар үндэслэлээр ийнхүү үнэлж байгаа нь тодорхойгүй, дэлхийн зах зээлийн үнэ ханш, хөрөнгүүдийн өөрийн үндсэн үнэ өртгөөс хэт доогуур үнэлж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгүүдийг үнэлсэн байдал ойлгомжгүй, хэт явцуу хүрээнд үнэлсэн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас хүчингүй болгож өгнө үү” гэж бичжээ.
Харин НШШГГ-ынхан шүүхэд гаргасан тайлбартаа “Төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК-д арбитрын шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаарх мэдэгдлийг олон удаа гардуулсан. Гэвч бүрэн төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж хураасан хөрөнгүүдэд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. “Алтайн хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд компанийн эд хөрөнгийн талаар үнийн санал өгөх эрх олгоогүй бөгөөд энэхүү эрхийг зөвхөн тус компанийн хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх боломжтой юм байна. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийг хуралдуулах талаар хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн боловч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа. Үнийн санал ирүүлэх боломжгүй талаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Р.Тогтохбаяр тайлбар ирүүлсэн. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан “Алтайн хүдэр” ХХК-ийн өмчлөлийн Таяннуурын баяжуулах үйлдвэрийг Иргэний хуулийн 177.1-тзаасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 2 948 453 000 төгрөгийн 70 хувиар тооцон 2 063 917 100, ашигт малтмалын 15377А тоот тусгай зөвшөөрлийг 141 790 677 813 төгрөгийн мөн хувиар тооцон 99 253 474 469 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон. Ингээд төлбөр төлөгч шүүхэд үнэлгээний гомдол гаргасан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн” гэсэн байна.
Лондоны олон улсын арбитрын шүүхийн 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны UN153003 дугаар шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны есдүгээр сарын 28-нд 12823 дугаартай баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гаргажээ. Улмаар 2017 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор эл шүүгчийн захирамж, 1095 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн юм байна. Үүний дагуу тус газраас 2017 оны арванхоёрдугаар сард нэг, 2018 оны хоёрдугаар сард хоёр, наймдугаар сард нь мөн тооны мэдэгдэл хүргүүлж, Лондоны олон улсын арбитрын шүүхийн 2017 оны UN153003 дугаартай шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг танилцуулж байсан аж. Харамсалтай нь “Алтайн хүдэр” ХХК-ийнхан шүүхийн шийдвэр, захирамжийг үл хүндэтгэж байсан гэнэ. Уг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2-т нь “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан байдаг ч үл ойшоосон бололтой.
Хэдийгээр “Алтайн хүдэр”-ийн талаас “Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Таяннуурын баяжуулах үйлдвэр, ашигт малтмалын ашиглалтын 15377А тоот тусгай зөвшөөрлийг хэт багаар үнэлсэн” гэсэн ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж шүүх үзсэн юм. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулсан ч үл хөдлөх хөрөнгө, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээтэй холбоотой хэсгийг төдийлөн өөрчлөөгүй аж. Ингэснээр НШШГГ-аас “Алтайн хүдэр” компанийн эзэмшилд байсан Таяннуурын төмрийн хүдрийн ордын “Таяннуур-1” нэртэй 123.9 га талбайтай тусгай зөвшөөрөл болон 2104 ам метр талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэрийг дуудлагаар худалдахаар зарлаад байгаа юм. Эл хөрөнгүүдэд нь эзэн суух хүн, аж ахуйн нэгж хараахан тодроогүй байна.