УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй.
“Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэхэрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
УИХ-ын гишүүн байхаас уйдчихаа юу гэлтэй, эсвэл парламентад хүчээр суулгачихсан аятай ажилладаг хэд хэдэн хүн бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн С.Батболд. Хууль тогтоох байгууллагад 2004 оноос хойш тасралтгүй таван удаа сонгогдсон тэрбээр үндсэн ажлаасаа уйдсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр өөртэй нь холбоотой сөрөг мэдээллийг нэн даруй няцааж, мэдэгдэл үйлдэн, түүнийгээ төлбөртэйгөөр түгээхдээ тун шуурхай. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлчээр УИХ “нүүрсний сонсгол” зохион байгуулж, улмаар хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр түүнийг Тавантолгойн ордоос нүүрсийг хууль бусаар олборлож, тээвэрлэсэн хэрэгт холбоотой гэх мэтээр мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор шинэ он гармагц 10 зүйл бүхий мэдэгдэл гаргаж, тус ордоос нэг ч хүрз нүүрс ашиглалгүйгээр Монголын төр, ард түмэнд шилжүүлэн өгсөн гэж дахин зарласан юм. Үнэндээ тэрбээр эл тайлбарыг төдийгөөс өдий хүртэл улиг болтол хэлж ирсэн нь нууц биш. С.Батболдын компани 2007 онд Тавантолгойн орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа төрд буцаан өгсөн гэдэг ч тойрон хүрээлэгчид, халаас нэгтнүүддээ “өрөм”-ийг нь авч үлдсэнээр өнөөдөр ч тэд үе удмаараа “хооллож” байна хэмээх шүүмжлэл замхарсангүй.
Түүнчлэн 2011 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын иргэн бүрд Тавантолгойн орд газрын 1072 ширхэг хувьцааг олгох шийдвэр гаргасан. Үүнийгээ тэрбээр тус ордыг ард түмний жинхэнэ өмч болгох үндэс суурийг тавьсан гэж ярьдаг ч 13 жилийн дараа юу өөрчлөгдөв. Гэхдээ үүнээс хойш 1072 ширхэг хувьцааг дотоодын хөрөнгийн биржид арилждаг болгон, ард иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа, цаашлаад байгалийн баялгийн орлого, хуваарилалтад нь ил тод, шууд хяналт тавьдаг, хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлдэг болгохын төлөө С.Батболд юу хийв. Хууль тогтоох онцгой бүрэн эрхтэйгээр 20 жилийн турш ажиллахдаа Гадаад харилцааны болон Үйлдвэр, худалдааны сайд, эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн гээд олон өндөр албыг давхар хашсан хүн шүү дээ. Өөрөөр нь “овоглодог” бүлэглэл ч бий. Харамсалтай нь, ард түмэн баялагтаа эзэн суух нь битгий хэл сонгууль бүрээр эрчээ авч, илүү боловсон хэлбэрт шилжиж буй мөнгө тараадаг “жүжиг”-ийн эхний “үзэгдэл”-ийн автор нь С.Батболд байгаа юм. Иргэд, сонгогчдыг ч муу занд сургаж, бэлэнчлэх сэтгэлгээг нь гааруулав. Иймд тэр өв биш, “өр” үлдээж, буруу жишиг тогтоон, тарьсан балгийг нь улсаараа амсаж байгааг хүлээн зөвшөөрч, зайгаа тавьж өгөх цаг нь болсон.
Тухайн үед С.Батболд гэлтгүй бүгд их мөнгөний үнэр авч, хуулийн хязгаарлалт, хориглолтгүйг далимдуулан амандаа орсноо бурж байсныг үгүйсгэхгүй. Тиймээс ч тэр ариун гэгээн хүсэл тээж хувьцаа олгохоор шийдвэрлэсэн гэвэл үнэмшилгүй. 2008 оны сонгуулиар МАХН буюу өнөөгийн МАН “Эх орны хишиг” нэрээр 1.5, АН “Эрдэнийн хувь” тодотголтойгоор нэг сая төгрөг хүн бүрд амласнаас өнөөгийн Монголын энэ их зовлон эхлэлтэй шүү дээ. С.Батболдын Засгийн газар иргэн бүрд500 мянган төгрөг өгч, их хэмжээний бэлэн мөнгө тараах эл ажлыг 2010-2012 онд буюу дараагийн сонгууль хүртэл хийсэн нь худлаа биш. Амласнаа хүн бүрд бүтнээр нь өгч дийлэхгүйд хүрэнгүүт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн сая төгрөгийг нь хүртээсэн билээ. Энэ л үеэс 1072 хувьцаа улс төрчид, үе үеийн эрх баригчдын сонгуулиар барьдаг “бамбар” болсон юм. С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын хийсэн үйлийн уршиг, улс төрчдийн урьдчилж аваад, сонгогчдын саналыг худалдан авахад зориулсан тэр их мөнгийг шууд болон шууд бусаар хэд дахин нугалж төлж буйгаа мартах учиргүй.
Мөн УИХ-ын гишүүн С.Батболдын хувьд оффшорт хөрөнгөө нуугсдын анхдагч гэж хэлж болох. Түүнд болон хамаарал бүхий, эсвэл халхавчаар бүртгэгдсэн хүмүүст холбогдуулан НПГ-аас 2020 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, алдагдсан хөрөнгийг эх оронд нь буцаан авахын тулд нэхэмжлэл гаргаж байсан. Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-иар дамжуулан ашигт малтмалын орд газрууд дахь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, түүнийг хамгаалах зорилготой бичсэн нэхэмжлэл юм. Үүнд С.Батболдоос гадна 13 хүнийг хариуцагчаар татсан байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зэсийн баяжмалыг худалдах, хууль зөрчсөн гэрээнүүд байгуулах эрх олгож, ашиг хүртсэн. “Оюутолгой” ХХК-ийн өмчлөл, менежменттэй холбоотой асуудлаар бусдад давуу байдал олгож, өмчлөх эрх, татвар ногдуулалт, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл горимыг бүрдүүлснийхээ хариуд “Туркойз хилл ресурс лимитед” компанитай холбоо бүхий хувь этгээд, компаниудаас хуулиар хориглосон мөнгөн төлбөр авч, ашиг хонжоо хүртсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Хөрөнгө битүүмжлэх, царцаах ажиллагаа, нотлох баримт шүүхийн журмаар гаргуулахын тулд Англи-Уэльс, Хонконг, Сингапур, Жерсий, АНУ, Их Британийн Виржинийн арлын шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг явуулж ч байсан. Тодруулбал, түүний хамаарал бүхий хүн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй Англид 20, Хонконгод 30, Сингапурт нэг, Жерсийд 16 сая ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаалгах захирамж тухайн улс орны шүүх гаргаж байв. Түүгээр ч зогсохгүй битүүмжлэх шаардлагатай гэж үзсэн хөрөнгүүдийг эзэмшигч, хариуцагчаар татагдсан хүмүүс бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байх, шилжүүлэхээр бол 60 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх баталгааг АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүх гаргуулсан.
Прокурорын байгууллага нотлох баримт гаргуулан авахад Британийн Виржинийн арлуудад “Премиер эдж лимитед” хэмээх нэртэй компанийг 2005 оны наймдугаар сарын 15-нд байгуулж, 2006 оны дөрөвдүгээр сарын 25 хүртэлх хугацаанд хувьцааг нь С.Батболд эзэмшиж байсан. Түүгээрээ дамжуулан Лондонд орон сууц худалдан авсан, дараа нь хүүхдүүдийнхээ нэр дээр хувьцаагаа шилжүүлсэн, солонгос хүний нэр дээр дамжуулсан гэх мэт баримт ч бий. Мөн аралд 2006 оны долоодугаар сарын 4-нд бүртгэгдсэн “Винрок инвест лимитед” хэмээх оффшор компанийн эзэмшигч нь С.Батболд байсан нь тогтоогдсон гэдэг. Түүнийгээ ч бас БНСУ-ын иргэнд шилжүүлсэн аж. Гадаад улс орнуудын шүүхийн нотлох баримт цуглуулах, гаргуулах ажиллагааны хүрээнд С.Батболд, түүний хүү, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар “Женетрейд лимитед” болон “Грандкэстл ассетс инк” компанитай холбоотой баримтуудыг манай прокурорын байгууллагынханд ирүүлсэн байдаг.
Энэ мэтээр хууль бусаар олсон хөрөнгөө оффшорт нуусан байж болзошгүй гэх олон нотлох баримт ирсэн ч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн С.Батболд нарын 14 хүнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Шүүхээс нэхэмжлэлийн хувийг С.Батболдын “халхавч” болсон харийн иргэдийн нэр дээр явуулж чадаагүй, олж өгөхийг ч хүсээгүй. Тиймдээ ч тус шүүхээс “НПГ тэргүүтэй дөрвөн нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хохирол нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлд 2020 оны аравдугаар сарын 28-нд иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай, нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа хийсэн боловч тэдгээр нь тухайн хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.9-д заасан “хариуцагчийн хаяг тодорхойгүй нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэснийг үндэслэн нэхэмжлэлийг хааснаа мэдээлж байв.
Бэлтгэсэн Б.Номин, Г.Цолмон