Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, XX зууны манлай эмэгтэй, төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын ажил амьдрал, үйл хэрэг, уран бүтээлийг сурталчлах, алдаршуулах зорилгоор түүний 103 жилийн ой болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "ХХ зууны суут эмэгтэй Сономын Удвал" өдөрлөг арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Тус арга хэмжээнд С.Удвалын 90 насны ойд зориулан “Цагийг эзэлсэн хатагтай” номыг бичсэн Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч С.Оюун болон С.Удвалын 100 насны ойд зориулсан зурагт, альбом номыг гаргасан “Чингис хаан” үндэсний музейн дэд захирал, Түүхийн ухааны доктор, яруу найрагч На.Батболд нар урилгаар оролцсон юм.
Аймгийн засаг дарга Р.Сэддорж болон Соёл, урлагийн газрын удирдлагууд эрхэм хүндтэй зочдыг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ.