Сүүлийн жилүүдэд Улсын их хурлын гишүүд гэмт хэрэгт холбогдох нь ихсэж буй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломж хязгаарлагдмал байгаагаас хариуцлага хүлээлгэж чаддаггүй тухай асуудал хөндөгдөж, Цэцээс энэхүү хамгаалалтыг нь хүчингүй болгуулсан ч өмнөх парламент УИХ-ын тухай хуулийг батлахдаа хууль тогтоогч танхайрсан ч хариуцлага хүлээхээргүй болгож, өөрчлөн засчээ.
УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа УИХ-ын гишүүд танхайрч, согтуурсан ч хариуцлага хүлээхээргүй болсноос гадна хэрэв УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шууд зогсоох зохицуулалт орсон байна.
Уг шинэчилсэн хуулийг 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр эцэслэн баталсан.
Ингэхдээ, 41.7-д "Гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно" гэж өөрчлөн найуулсан байна.
Тэгэхээр УИХ-ын гишүүнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулахыг хориглосон гэсэн үг. Энэ тухай хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн хэлэхдээ “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар барьснаас өөр тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй гэсэн заалт байсныг 2017 онд Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргаж хүчингүй болгосноор гишүүнд эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой болгож байлаа. Үр дүнд нь ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс гэсэн хэргүүдтэй холбогдсон гишүүд шүүхээр орж, зарим нь ялаа авсан. Харин шинээр батлагдсан УИХ-ын тухай хуульд УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гээд шийдчихвэл прокурор гишүүнд холбогдуулсан хэргээ түдгэлзүүлнэ. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаах ажиллагаа зогсоно” гэв.
Зөрчлийн тухай хуулиар танхайрах, согтуурах, хүчирхийлэл үйлдэх зэргийг зохицуулдаг. Бүр цаашлаад УИХ-ын гишүүн нь шүүхээс дуудахад очихгүй байх, хулгай хийх, хүүхдийнхээ тэтгэлгийг өгөхгүй байж болох зохицуулалт улмаар хуульд нэмэгджээ.
УЕП-оос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулдаг. УИХ түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ ч хэргийг хаадаггүй.
Тэгвэл энэ шинэ зохицуулалтаар, УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн л бол шууд түүний холбогдсон эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх аж. Гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа сэргээн шалгаж болно. Энэ хооронд хөөн хэлэлцэх хугацаа ч дуусчих боломжтой. За бас нэг дураар авирлах эрх олгосон заалт байна. УИХ-ын гишүүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулахыг хориглочихож. Юу гэсэн үг вэ гэхээр гишүүн бол мансуурч болно, танхайрч болно, согтуу машин жолоодож болно, гэр бүлийн гишүүнээ зодож болно, хулгай хийж болно, хөрөнгө завшиж болно, жагсаал, цуглаанд зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, химийн хорт бодистой оролцож болно, гамшиг, халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм зөрчиж болно, хүүхдийнхээ тэтгэлгийг өгөхгүй байж болно, бэлгийн дарамт учруулж болно, прокурор, шүүх дуудахад очихгүй байж болно. Болно гэдгийн учир нь эдгээрийг иргэнийх нь хувьд хуулиар хориглосон ч, гишүүнийх нь хувьд шийтгэл оногдуулж болохгүй. Зөрчлийн асуудлаар бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэнэ шүү.