Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлс, ажлын үнэлгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх арга хэмжээ тусгагдсан. Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн албаны шинэчлэлийн асуудал тусгагдсаны дагуу Засгийн газраас Төрийн албаны цалин хөлсний бүтэц, цалингийн тогтолцооны шинэчлэлийг 2023 оноос эхлүүлсэн. Дээрх зорилтыг үргэлжлүүлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэх дараах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
- Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин 20, бусад албан хаагчдын цалин 10 хувиар нэмэгдэнэ.
- Орон нутгийн нэмэгдлийг суманд ажиллаж байгаа ТӨРИЙН ЗАХИРГААНЫ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ болон УЛС ТӨРИЙН албан тушаал эрхэлдэг албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож олгоно.
- Суманд болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ-ны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авч эхэлнэ.
- Тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.
- Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ.
- Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа алба хаагчид 5 жил тутамд нэг удаа 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авч эхэлнэ.
- Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан, цаг уур, орчны шинжилгээний салбарын албан хаагчид, лабораторийн албан хаагчид, мал эмнэлгийн байгууллагын албан хаагчид, нийгмийн хамгааллын салбарын зарим албан хаагчид төрийн мэргэжлийн үйлчилгээний албан тушаалд шилжинэ.