Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэр гаргав. Тухайлбал, Дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчиллээ. Журамд элсэлтийн ерөнхий шалгалтаар сум, хороо бүрээс шалгарсан болон олон улсын олимпиадад медальт байр эзэлсэн суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгохоор тусгажээ. Мөн Засгийн газрын тэтгэлгийг дараах чиглэлээр олгохоор болов. Үүнд:
•Дотоодын сургуульд тэргүүлэх мэргэжлийн дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч,
•Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгайлан заасан мэргэжлээр үндсэн хөтөлбөрт суралцагч,
•Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад ахисан түвшний сургалтад хамрагдах төрийн албан хаагч,
•Тэргүүлэх мэргэжлийн магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч,
•Техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургуулийн үндсэн хөтөлбөрт дэвшин суралцагчид багтаж байна. Түүнчлэн Засгийн газрын хоорондох гэрээний дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсад суралцах, нийгмийн салбарын хүний нөөцийн хомсдолтой, зарим эрэлттэй мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцахаар тусгав.
Мөн Багш болон багш мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох, багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх, дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа. Багш мэргэжлээр, багшийн магистрын хөтөлбөрт суралцахад нь дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг ийн шийдвэрлэв. Тэтгэлгээр суралцсан төгсөгчид төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт гурав, эсхүл нийслэлд таваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах шаардлага тавьсан байна. Үүнээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмыг батлав. Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу төрийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их, дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрөөс хариуцах юм.
Түүнчлэн их, дээд сургуулийн суралцагчдад сургалтын тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламжолгох тогтолцоог боловсронгуй болгох, зээлийн сангийн үйл ажиллагааг шинэ түвшинд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт зохион байгуулах зохицуулалтыг журмуудад тусгалаа. Ингэснээр суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, цахимжуулах, шударга, ил тод, нээлттэй байлгах, олгосон зээл, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийн үр дүнг жил бүр үнэлж, дүгнэх, эргэн төлөлт хийх, дуусгавар болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
БАГШ, АЖИЛТАНД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРМЫГ БАТАЛЛАА
Мөн Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмжолгох журмыг баталлаа. Боловсрол, шинжлэх ухааны салбарт төрийн болон орон нутгийн өмчийн 1799 сургалтын байгууллагад 95 032 албан хаагч ажиллажбайна. Үүнээс 1279 байгууллагын 62 099 албан хаагч нь орон нутаг ажиллажбуй. Орон нутагт ажиллажбайгаа багш, ажилтанд олгох мөнгөн тэтгэмжийг 2006 оноос буюу Боловсролын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд олгожэхэлсэн. Иймд Боловсролын багц хуульд тусгагдсан өөрчлөлттэй уялдуулан тэтгэмжолгохтой холбоотой харилцааг эл журмаар зохицуулах юм.
“PISA-2022” ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭВ
Олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
•Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар бүх түвшний боловсролын чанарыг үнэлүүлэх ажлыг зохион байгуулах, 2025 оны PISA үнэлгээнд бэлтгэх,
•Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эх хэл болон унших суурь чадварыг сайжруулахад чиглэсэн зорилтот арга хэмжээ авах,
•Сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнээр хангах,
•Хот, хөдөөгийн болон нийгэм, эдийн засгийн ялгаатай бүлгийн хоорондын боловсролын чанарын ялгааг багасгах арга хэмжээг багтаасан байна.
Бэлтгэсэн У.Наран