УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд оролцохоор төлөвлөж буй улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас мөрийн хөтөлбөрт тусгах саналаа намуудын удирдлагад хүргүүлж эхэлжээ. Тус байгууллагын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, дэд захирал Ц.Магнайбаатар нар АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр нарт саналаа уламжилсан байна. Ингэхдээ тэд бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэн боловсруулснаа Монголын бизнесийн орчны 2023 судалгааны тайлангийн хамт өгчээ. Бизнес эрхлэх орчныг сайжруулах, бодлогын тогтвортой байдлыг хадгалах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эдийн засагт ихээхэн ач холбогдолтой төслүүдийг эхлүүлэх, хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон саналыг багцалсан байна.
Нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт энэ сарын 22-24-нд хандах ёстой. Харин бие даан нэр дэвшигчид ирэх сарын 22-24-нд мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан билээ.
Бэлтгэсэн Б.Уран