Өмнөговь аймгийн БОАЖГ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудтай хамтран зэрлэг амьтдад зориулан биотехникийн ажлыг зохион байгуулж байна.
Тус аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн “Зэрлэг ан амьтанд биотехникийн ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө” болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний дагуу тус сумын Сийрст багийн Хангинахын хад орчмын бүс нутагт 100 боодол, Билгэх багийн Унаган хайрхан орчмын нутагт 50 боодол өвсийг тараан байршуулсан байна.
Аймгийн баруун бүс нутагт Аргаль, янгир хамгаалах сан болон “Хур эрдэнэ баялаг” ХХК-хан 300 боодол өвсийг Ноён сумын Сайран багийн нутаг Хатуугийн хяр, Шар сайр, Дунд задгай, Хөтөл улаан, Шат, Харанхуй могой, Янгиртай рашаан, Тахилга хайрхан, Хөшигний хяр зэрэг газраар аргаль, янгир, зээр зэрэг амьтдад үе шаттайгаар тавьж өгөх ажлыг хэрэгжүүлж байна.
Өмнөговь аймаг жил бүр цаг үеийн байдлаас шалтгаалан болзошгүй аюул, эрсдэлээс зэрлэг амьтдаа хамгаалах, хорогдол гаргахгүй байх зорилгоор нэн ховор, ховор амьтад нутагладаг өвөлжилт хүндэрсэн газруудад өвс, тэжээл тавих биотехникийн ажлыг тогтмол хэрэгжүүлдэг.