Завхан аймгийн 17 сумд өвөлжилт хүндэрч, төмөр зуд нүүрлээд буй. Тухайлбал, Улиастай, Идэр, Тэлмэн, Яруу, Асгат, Шилүүстэй, Баянхайрхан зэрэг сумд малчин өрхийн их гэрийг давсан их цас унаж, зам даваа хаагдсан.
Тиймээс УИХ-ын гишүүн Б.Баярсайхан он гарсаар Завхан урд, хойд сумуудад гурав дахь удаагаа албан томилолтоор ажиллаж, өвөлжөөндөө байгаа малчидтай газар дээр нь уулзаж, Засгийн газраас зудын эсрэг авч буй хариу арга хэмжээний тухай танилцуулж, тэр дундаа банкны зээл, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, малчдын санал, хүсэлтийг сонсож буй.
Завханы малчид энэ үеэр “Бид өнгөрсөн намар цөөнгүй тооны мал төхөөрч, зах зээлд нийлүүлсэн. Үлдсэнийг нь хавар борлуулахаар нөөцөлсөн. Гэвч үргэлжилсэн их цас, зуд, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж, урь орж, дулаарахаас өмнө нөөцөлсөн махаа борлуулж чадахгүйд хүрлээ. Мах борлуулах ажил төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна. Хөдөөгийн сурагчдын амралтыг хэрхэн зохицуулж байгаа вэ” хэмээн асууж, мөн саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр нар малчдын хүсэлтийн дагуу Завханд Хөдөө аж ахуйн бирж ажиллуулахаар болсноо дуулгалаа. Мөн мал төллөлтийн үеэр хөдөөд гэртэй, сумд сурдаг сурагчдын амралтыг наашлуулах болон амралтын хоногийг нэмэхээр зохицуулалт хийснээ танилцуулав. Завхан аймаг 15 828 малчинтай аж.