Улсын хэмжээнд 3 089 000 мал хорогдоод байгааг Улсын онцгой комиссоос өчигдөр мэдээлэв. Мөн 11 аймгийн 46 сумд айлууд цасанд боогдож, холбогдох байгууллагын алба хаагчид газар дээр нь ажиллан, тусламж үзүүлжээ. Үүний хүрээнд 142 айлыг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэсэн байна. Мөн 470 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн аж. Эмнэлгийн тусламжийн багт сэтгэл зүйчид багтжээ.
Зудын эрсдэл өндөр бүсийн малчдад эмнэлгийн тусламжаас гадна хүнсний хангамж ч хүргэж буй гэнэ. Тухайлбал, 1.1 мянган тн гурил, 584 цагаан будааг малчдад хүргэх ажлыг зохион байгуулжээ. Мөн Улсын онцгой комисст ирсэн хандивыг малчдад хүргүүлсэн . Малчдаас нэг богийг 40 мянган төгрөгөөр авч байгаа талаар мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийн шүүмжлэлд өртсөн. Тэгвэл энэ талаар ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг “Энэ нь худалдан авагч, малчид хоорондын тохиролцох зүйл. Үүнд нь Хөдөө аж ахуйн бирж зохицуулагчаар ажиллаж байна. Нэг богийн дундаж жин 13 кг байгаа. Тиймээс гологдол гарах эрсдэл их” хэмээлээ.
Бэлтгэсэн А.Үүлэн