Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэн нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, хоёр улс, 15 хоттой санамж бичиг байгуулан гэр оронгүй иргэдийг бүртгэлжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Вангард” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэн хооронд 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Дээрх санамж бичгийн хүрээнд Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэнгийн захирал Лидиа Стазен, Вангард хөтөлбөр хариуцсан захирал Жулиа Вагнер нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1489 дүгээр захирамжаар нийслэлийн хэмжээнд гэр оронгүй амьдралаар амьдарч буй иргэдийн цахим мэдээллийн санг бүрдүүлж, 459 иргэнийг бүртгэжээ. Уг санг салбар дунд ашиглах зорилгоор төрийн мэдээлэл солилцооны системд холбосон.Нийслэлийн хэмжээнд дөрвөн дүүрэгт долоон төрийн бус байгууллага гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байршуулах үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэж байна. Цаашид тус хүрээлэнтэй хамтран гэр оронгүй иргэдийг нийгэмшүүлэх хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр бодлогын түвшинд хамтран ажиллах юм.