Зудын эрсдэл нэмэгдэж, орон нутагт хүн хүч дутагдах болсон. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд гэр лүүгээ явахаар чөлөө авах нь ихэссэн байна. Тиймээс зарим их сургууль орон нутгийн харьяалалтай оюутнууддаа чөлөө олгож эхэлсэн. Тухайлбал, ХААИС-иас орон нутгийн харьяалалтай, гэр бүлдээ туслах хүсэлтэй оюутнууддаа өчигдрөөс эхлэн энэ сарын 18 хүртэл албан ёсоор чөлөө олгохоор шийдвэрлэжээ. Одоогоор 516 оюутанд түр чөлөө олгосон байна. ХААИС-ийнхан мөн малчдад хандсан мэргэжлийн зөвлөгөөг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх ажлыг хэрэгжүүлж буй гэнэ. Түүнчлэн сургуулийн багш, оюутнуудын судалгааны үр дүнд бий болсон инновацын шилдэг бүтээл, малын эм, тариа, бэлдмэлийг нэн хэрэгцээт газарт хүргэн, малчдад хандивлахаар ажиллаж байгаа гэнэ.
Өмнө нь ШУТИС-ийн захиргаанаас “Малчдадаа тусалъя” аяныг санаачлан, хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд дулаан хөнжил, хувцас, хүнс хоол, лаа, чүдэнз, зай, түлээ мод, малын нэмнээ зэрэг малчдад хэрэгцээтэй бүхий л зүйлийг цуглуулан, зорилтот бүлгийнхэнд хүргэсэн байна. Мөн орон нутгийн харьяалалтай 600 гаруй оюутандаа дөрвөн долоо хоногийн хугацаатай чөлөө өгсөн гэв. АШУҮИСч төгсөх ангийнхнаас бусад суралцагчдадаа хүсэлтийнх нь дагуу чөлөө олгожээ. Мөн чөлөөтэй хугацааны хичээлийг нэгдсэн зохион байгуулалтаар хуваарь гаргаж нөхөх гэнэ. Чөлөө олгох хугацаа нь энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх нь. МУБИС энэ сарын 22-ныг дуусталх хугацаагаар чөлөө олгож байгаа аж. МУИС өнгөрсөн сарын 29 хүртэл оюутнуудаас хичээлээс чөлөөлөх хүсэлтийг нь хүлээн авчээ. Ингэхдээ улирлаар нь чөлөө олгож, сонгосон хичээлийн төлбөрийг нь буцаан олгосон байна.
Ташрамд дурдахад, Архангай аймгийн Эрдэнэ булган сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагчид иргэний ёс зүйн боловсролын хичээлийнхээ үеэр нэмнээ оёж, малчдад хандивлажээ.
Бэлтгэсэн А.Үүл