ЭХЭМҮТ-ийн төрөх, төрсний дараах тасаг буюу дөрөв, тавдугаар давхрыг нь иж бүрэн шинэчилж, олон улсын жишигт нийцүүллээ. Засварын зураг төслийг “Өлзий иш” компанийнхан боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Алтайн бумбат өргөө” ХХК-ийнхан ажиллажээ. Ингэснээр амаржсан ээжүүд гэр бүлийнхээ хүнтэй хамт хүүхдээ асрах боломж бүрдүүлсэн байна. Түүнчлэн төрөх үйл явцдаа ч гэр бүлийнхээ хүнтэй хамт байх сонголтыг ээжүүдэд олгодог болжээ. Дээрх тасгуудын энгийн болон VIP өрөө бүхэн нь стандартын ор, буйдантай. Мөн хүчилтөрөгчийн шугам, эх баригч, сувилагчыг дуудах хонх, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүр зэргийг шийдэж, тав тухтай орчныг бүрдүүлсэн байна. Үүнээс гадна амаржсан ээжүүдэд гаднаас хоол, цай зөөх шаардлагагүй болж, зориулалтын орчинд бэлтгэсэн халуун шөлөөр үйлчилж хэвшээд буй аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн уг ажилд дан ганц төрөх тасгийн шинэчлэл багтаагүй бөгөөд бүх тоног төхөөрөмжийг нь сольжээ. Үүнээс гадна өргөтгөлийн хоёр барилгын ажлыг ч багтаасан аж. Одоогоор Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн, Хүүхдийн зөвлөх поликлиникийг засах, ажилчдын хүүхдийн цэцэрлэг барих ажил үргэлжилж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Б.Энхзаяа