УИХ-ын тухай хуулийн 18.1-т заасны дагуу хаврын чуулганыг энэ сарын 15-нд нээнэ. Гэхдээ чуулганы танхимд засвар хийж буй учраас А танхимд хуралдааныг нээхээр болсон байна. Ирэх сонгуулиар бид холимог тогтолцоогоор 126 гишүүн сонгоно. Тиймээс намрын чуулган завсарласнаас хойш нэгдсэн хуралдааны танхимд засвар хийж, ширээ, сандал нэмж байрлуулах ажил өрнөж буй аж. Уг засварын ажил хаврын чуулганы үеэр амжиж дуусахааргүй байгаа тул ийнхүү дээрх танхимыг тохижуулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, А танхимд 70 гаруй гишүүнийг багтаахын тулд ширээ, сандал нэмж байрлуулан бэлэн болгожээ. Ц.Нямдоржийг УИХ-ын даргаар ажиллаж байх үед тэнд чуулганы хуралдааныг зохион байгуулж байсан туршлага Тамгын газарт бий. Харин жижиг танхимд хуралдах учраас хаврын чуулганы нээлтийн арга хэмжээнд хэвлэл мэдээллийнхнийг оруулах боломжгүй болсон байна. 2024 оны төсөвт УИХ-ын даргын багцад суулгасан 22 тэрбум төгрөгөөр дээрх засварыг хийхээс гадна гишүүдийн санал өгдөг төхөөрөмжийг шинэчлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн: С.Уул