Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа агентлагуудын дэргэдэх сангуудын хөрөнгийг мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд дураараа зарцуулдаг, хамаарал бүхий аж ахуйн нэгж, хүмүүстээ давуу байдал бий болгож олгодог, тэтгэдэг байдал газар авсан. Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газрынхан харьяалах салбарынхаа боловсон хүчнийг гадаадад бэлтгэхтэй холбоотой, танил тал, ар өврийн хаалгаар өөрсдөдөө давуу байдал бий болгодог байв. ЖДҮХС-гийн зээлд улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд хамрагдсан нь дуулиан болсон. Энэ мэтээр мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглан найз нөхдөдөө давуу байдал олгодог явдал гарсаар, хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ч хэлэлцэж чадахгүй байсаар. Үүний бодит жишээ бол Сангийн яамны харьяа Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал Х.Батхүү, түүний найз, “Тэнгэрийн чоно” банк бус санхүүгийн байгууллагын эзэн Ж.Энхтөр, эл сангийн ерөнхий нягтлан бодогч Э.Даваасүрэн, иргэн Х.Эрдэнэбилэг нарт холбогдох хэрэг.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас яллах дүгнэлт 2023 оны тавдугаар сарын 24-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцэхээр болсон ч өнөөг хүртэл шийдвэрлэж чадсангүй. Хамгийн сүүлд өчигдөр өглөө тус шүүх хэлэлцэхээр товлосон ч улсын яллагч нь хурал давхацсан үндэслэлээр хойшлууллаа. Үүнээс өмнө дийлэнх нь өмгөөлөгч нараас шалтгаалж хэргийг хэлэлцээгүй юм. Тэд чухам ямар хэрэгт холбогдсоныг доор өгүүлье.
“ЧИНГИС ХААН” БАНКАНД БАЙРШУУЛСАН ХОЁР ТЭРБУМЫГ САНГИЙН САЙДЫН НАЙЗ НЬ ХЭРХЭВ
Олон нийтийн сүлжээнд “Сангийн яамны харьяа Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал Х.Батхүү Сангийн сайд Б.Жавхлангийн найз, АНУ-ын Индианагийн их сургуульд хамт сурч байсан. Улмаар Х.Батхүүгээр дамжуулан өөрийн төрсөн дүү Б.Амгаланг тус байгууллагад ажилд оруулжээ. Б.Жавхлангийн томилуулсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал Х.Батхүү нь сангийн хөрөнгийг өөрийн болон ойрын хүмүүсийнхээ ББСБ руу зээл болгон өгдөг. Өөрийн төрсөн ахын барилгын компанид Төрийн банканд хадгаламж байршуулах нэрээр мөнгө шилжүүлээд өөртөө авч ашигласан” хэмээн одоогоос яг хоёр жилийн өмнө нийтэлж байж. Х.Батхүү энд дурдсан хэрэгт холбоотой гэдгийг мөрдөн шалгалтаар тогтоож, Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.4-4, 18.6- 2.3 дахь хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, мөнгө угаасан хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн, өдгөө шүүгдэгчийн ширээнд сууж буй юм.
Сангийн яамны харьяанд байх Бичил санхүүгийн хөгжлийн сан чухам ямар зорилготой, хэрхэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохыг энд цухас дурдах нь зөв биз ээ. Тус сан нь ядуу болон бага орлоготой иргэд, айл өрхийн хэрэгцээнд тохирсон зээл болон санхүүгийн бусад үйлчилгээг тогтвортой хүргэж, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хуримтлал, өмчтэй болоход дэмжлэг үзүүлэх замаар Монгол Улсын хөгжлийг шинэ үе шатанд хүргэхэд хувь нэмэр оруулах зорилготой аж. Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциац, Европын хамтын ажиллагааны нийгэмлэг, Японы Засгийн газрын Хүний нөөц ба бодлогын хөгжлийн сангийн хамтран хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 2002 онд бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг дэмжих зорилгоор Бичил санхүүгийн хөгжлийн санг байгуулж байв. Энэ сан нь иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгодог. Бас бичил санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шаталсан сургалт зохион байгуулдаг аж.
Иргэдийн олонх нь энэ сангаас зээл авах нь байтугай ийм нэртэй сан үйл ажиллагаа явуулдаг гэдгийг ч сайн мэдэхгүй. Үүнийг нь мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд овжноор ашиглаж, найз нөхдөдөө зээл олгох байдлаар давуу эрх олгож байдаг бололтой. Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал Х.Батхүүгийн хувьд албан тушаалаа ашигласан нэг бус үйлдэлд холбогдчихоод буй юм. Тодруулбал, Х.Батхүү тус сангийн мөнгөн хөрөнгийг хувьдаа ашиглах буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалаа урвуулан, Бичил санхүүгийн хөгжлийн зөвлөлийн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр 2017 оны зургаадугаар сард хадгаламжийн данс нээх тухай тушаал гаргаж, тусгай нөхцөлт хадгаламжийн дансны гэрээг “Чингис хаан” банктай байгуулжээ. Ингээд хоёр тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай байршуулсан гэнэ. Улмаар уг хоёр тэрбумаасаа удаа дараагийн гүйлгээгээр шилжүүлсээр 2018 оны есдүгээр сарын 20-д гэхэд хуримтлагдсан хүүтэй нь хамт аваад дуусгаж. Ингэснээр энэ их хэмжээний мөнгө, түүний хүү 720 сая төгрөгийг Бичил санхүүгийн хөгжлийн санд орох боломжгүй болгосон хэрэгт буруутгагдаж байна.
Уг нь бол Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А332 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны заавар, 2017 оны А108 дугаартай тушаалаар батлагдсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны дүрэм зэрэг эрх зүйн баримт бичигт нь “Бичил санхүүгийн хөгжлийн сангийн данснууд байрших арилжааны банкнуудыг Бичил санхүүгийн хөгжлийн сан сонгож Бичил санхүүгийн хөгжлийн зөвлөлөөр батлуулна” гэх зэрэг заалтыг зөрчин хоёр тэрбумыг үрэн таран хийчихээд буй гэнэ.
“ГОУЛД КАПИТАЛ ИНВЕСТ”, “ТЭНГЭРИЙН ЧОНО” ББСБ-Д ДАВУУ БАЙДАЛ ОЛГОЖЭЭ
Энэ хэргийн нэг яллагдагч Ж.Энхтөр бол Х.Батхүүгийн багын найз гэдгийг эхэнд дурдсан. Түүний ашиг сонирхол, ятгалгаар Бичил санхүүгийн хөгжлийн сангаас их хэмжээний зээл олгож, хахууль авсан үйлдэлд тэднийг буруутгаж буй аж. Уг нь Бичил санхүүгийн хөгжлийн сангаас олгох Зээлийн үйл ажиллагааны журамд “Дамжуулан зээлдэгч оролцогч санхүүгийн байгууллага нь бөөний зээл авах анхны тохиолдолд дамжуулан зээлдүүлэхээр батлагдсан зээлийн эх үүсвэрийн 150 хувиас доошгүй үнийн дүнтэй барьцааны зүйлийг барьцаалах”- аар заасан байдаг. Гэтэл зээлийн барьцаанд тавигдах шаардлагыг Ж.Энхтөрийн хамаарал бүхий ББСБ-ууд хангаагүй байсан гэнэ. Тийм байхад “Гоулд капитал инвест”-д 2020 оны хоёрдугаар сард “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-г 450 сая төгрөгөөр хийсэн байгаа юм. Гэхдээ тус ББСБ-д 500 саяыг олгохоор болж. Энэ зээлийг авахын тулд холион бантан хутгана гээч л болсон бололтой. Барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж ч үзэж. Түүгээр ч зогсохгүй Ж.Энхтөрийн “Тэнгэрийн чоно” ББСБ нь “Гоулд капитал инвест”-тэйгээ зээлийн гэрээ байгуулж, 300 саяыг дамжуулан авчээ. Мөн эл “Тэнгэрийн чоно” ББСБ нь Бичил санхүүгийн хөгжлийн сангаас 2019 онд 800 сая төгрөгийн зээл авсан байх юм.
Х.Батхүү багын найзынхаа ББСБ-уудад давуу байдал олгоод зогсохгүй, “Бриллиант тэнгис” ХХК-ийг нь дэмжиж, “Ланд круйзер-200” автомашиныг нь 190 сая төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан гэнэ. “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн 2012 онд үйлдвэрлэсэн “Лексус- 570”-ыг 16 саяар “акталж” байхад Сангийн яамны дэргэдэх Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал нь 2018 оны “Ланд круйзер- 200”-г дээрх үнээр авах гэрээ байгуулаад, 30 саяыг нь Х.Батхүү авч, 160 саяыг нь Ж.Энхтөрийн компани руу шилжүүлсэн гэж буруутгагдаж байгаа юм. Энэ мэтээр Ж.Энхтөрд давуу байдал олгож байсныхаа хариуд Х.Батхүү нь хамаарал бүхий хүнтэйгээ хамтран эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны дансаар 148 сая гаруй төгрөгийн хахууль авсан үйлдэлд гэм буруутай, эсэхээ дэнслүүлэх болоод байна.
Үүнээс гадна Х.Батхүүг хахууль авсан өөр үйлдэлд ч буруутгаж буй юм билээ. Тодруулбал, Бичил санхүүгийн хөгжлийн сантай“Сентиллион” ББСБ 2020 оны хоёрдугаар сард дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулж, 400 сая төгрөг авчээ. Эл ББСБ бол яллагдагч Х.Эрдэнэбилэгийн эхнэрийн захирлаар ажилладаг компани юм байна. Уг нь дүрэм, журмынхаа дагуу зээл олгох, гэрээ байгуулах үйл ажиллагаа явагдаж. Гэвч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд Х.Батхүү нь хамаарал бүхий хүнтэйгээ хамтрах эзэмшдэг дээр дурдсан банкны дансаар дамжуулан 50 сая төгрөгийн хахууль авсан гэнэ. Ингэхдээ “Сентелион” ББСБ-ынхан хамаарал бүхий хүнийх нь нэр дээр зээл олгосон мэтээр шилжүүлэг хийсэн аж.
Э.ДАВААСҮРЭНГИЙН ХАМААРАЛТАЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЭЛ САНГААС АВСАН БАЙНА
Сангийн яамны Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирлын сэнтийг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан гэж үздэг юм билээ. Нийтийн албан тушаалтан хүн хуулийг алхам бүрдээ мөрдөж байх учиртай. Жишээ нь, дарга, захирал хүн бол Төсвийн тухай хуулийг баримтлах ёстой. Энэ хуулийн 16.5.5 дахь хэсэгт “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4-ийн “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна”, 13.7-д“Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байхыг хуульчилсан атал эдгээрийг болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны заавар, дүрмийг зөрчсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон гэнэ.
Тухайлбал, тус сангийн сангийн Төрийн банк дахь харилцах данснаас анхан шатны баримтгүйгээр 2018 онд 4.4 саяыг өөрийнхөө нэрээр авчээ. Нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Амарсанаад кредит карт захиалахад батлан даагчаар гэрээ байгуулан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн данснаас 6.6 сая төгрөгийг суутгуулж, давуу байдал бий болгосон гэнэ. Анхан шатны баримтгүйгээр мөнөөх Ж.Энхтөрийн “Бриллиант тэнгис” ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банк дахь данс руу удаа дараагийн гүйлгээгээр 49.8 сая төгрөг шилжүүлжээ. Санхүүгийн анхан шатны баримтгүйгээр энэ гүйлгээг хийчихээд дараа нь нөхөж бүрдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон аж. Бас Ж.Энхтөрийн хамааралтай “Эл ти партнерс” гэх компанийн данс руу олон нийтэд санхүүгийн боловсрол олгох гарын авлагын эх бэлтгэлд зориулан 49.5 саяыг шилжүүлсэн байх юм. Мөн Бичил санхүүгийн хөгжлийн сангийн нягтлан бодогч Э.Даваасүрэнд үүрэг өгч тус сангийн Төрийн банк дахь данснаас анхан шатны баримтгүйгээр “Хар нуурын бэрх” ХХК руу 20 саяын гүйлгээ хийлгэжээ.
Тэгвэл нягтлан бодогч Э.Даваасүрэнг нөхрийнхөө үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг “АБ принтинг” ХХК-ийн данс руу нэг бус удаагийн гүйлгээгээр 45, төрсөн дүүгийнхээ “Гэртээ” ХХК-ийн дансанд 60.7, өөр бусад байдлаар бэлэн зарлага гаргуулан, нийт 205.7 сая төгрөгийн хохирол Монгол Улсад учруулахад Х.Батхүүтэй хамтран оролцсон хэмээн яллагдагчаар тооцсон байна.
Эл хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш бүтэн жил шахмын хугацаа өнгөрөхөд эцэслэн шийдвэрлэж чадалгүй, өчигдөр ес дэх удаагаа хойшиллоо. Улсын төсөвт учирсан хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирлыг найзаасаа Сангийн сайд Б.Жавхлан гаргуулан авч чадах, эсэхийг харах л үлдлээ. Уг хэргийн үйл явцын талаар бид эргэн мэдээлэх болно.