Өвөрхангай аймгийн Төв номын сан “Хүний эрх, бидний мэдлэг” төрөлжсөн булантай болжээ. Олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, тайлан илтгэл, ном, гарын авлагыг нийтийн хүртээл болгох нь уг ажлын зорилго юм байна. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах зорилгоор “Хүний эрх, эрх чөлөөг орон даяар цаг ямагт, хүн бүрд” уриатай арга хэмжээг Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгуулж буй аж. Үүний хүрээнд тус комиссынхон Өвөрхангай аймгийн Төв номын сантай хамтран дээрх төрөлжсөн буланг нээж, ном, бүтээлүүдийг каталогжуулжээ. Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний тайлан илтгэлүүдээс авхуулаад судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээл зэрэг 42 төрлийн 88 ном, гарын авлагыг ХЭҮК-оос хүлээлгэн өгсөн аж. Комиссынхон цаашид ч ном, гарын авлага, сэтгүүлээр уг буланг тогтмол баяжуулах гэнэ.
Бэлтгэсэн М.Оч