Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад нэг жил хорих ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол өчигдөр, уржигдрын үйл явдал мэтээр олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудаснууд бичих болов. Түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны нэгдүгээр сарын 10-нд хоёр дахь удаагаа хэлэлцээд уг хорих ялыг оноосон юм.
Б.Аззаяаг найз Г.Амартүвшинтэй хамтарч Нарны хороолол дахь гэртээ 2022 оны есдүгээр сард мансууруулах бодис худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийг анх 2023 оны долоодугаар сарын 26-нд дээрх шүүх хэлэлцээд зорчих эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хасах ял шийтгэж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хязгаарласан.
Түүний өмгөөлөгч уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, явцуу хүрээнд зорчих эрхийн хязгаарыг тогтоосон нь сурч боловсрох, хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөхөд хүрч байна. Учир нь миний үйлчлүүлэгч Баянгол дүүрэгт амьдардаг ч сурч байгаа сургууль нь (СУИС) Чингэлтэй, гэрээгээр ажиллаж байгаа газар нь Сүхбаатар гэх зэргээр арай өргөн хүрээнд зорчих зайлшгүй шаардлагатай байдаг зэргийг харгалзан ялыг өөрчилж өгөх гомдол нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Уг гомдлыг 2023 оны аравдугаар сарын 10-нд тус шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан юм. Ингэснээр тус шүүх энэ оны нэгдүгээр сарын 10 хэлэлцээд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид нэг жилийн хугацаагаар ял эдлүүлэхээр болсон байна.