Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгааг Элчин сайд Шэнь Миньжюан танилцуулан батламжийг нь гардуулан өглөө. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав. Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдээд байсан. Улмаар АНУ-ын Засгийн газар 700 000 ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган Ерөнхий сайдад танилцууллаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан 200 000 ам.доллар, мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаар дамжуулан 700 000 ам.долларын тусламж үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газарт Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. АНУ-аас олгож буй энэхүү тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх юм.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Мөн хоёр тал Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх асуудалд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд шууд нислэгийг энэ онд багтаан эхлүүлэхэд анхаарч ажиллахаар тогтлоо.