Архангай аймгийн Ихтамир сумд энэ он гарснаас хойш газар зургаан удаа хөдлөөд байгааг орон нутгийн удирдлагууд хэллээ. Хамгийн сүүлд энэ сарын 2-3-нд хоёр удаа газар хөдөлсөн байна. Тухайлбал, өчигдрийн 05.07 цагт газар 4.7 магнитудын хүчтэй хөдөлжээ. Мөн уржигдар 12.59 цагт газар 4.6 магнитудын хүчтэй хөдөлж, чичирхийлэл нь иргэдэд мэдрэгдсэн гэнэ. Тус сумын удирдлагын хэлснээр он гарснаас хойш ойролцоо бүсэд буюу хоёр км-ийн радиуст удаа дараа газар хөдөлсөн. Тухайн газар нь сумын төвөөс баруун урд зүгт 120 км-ийн зайд байрладаг бөгөөд айл амьдардаггүй нутаг гэнэ. Ийнхүү олон удаагийн давтамжтайгаар газар хөдлөх болсон шалтгааныг тодруулж өгөх хүсэлтийг сумын удирдлага аймгийнхаа Онцгой байдлын газарт тавьжээ.
Бэлтгэсэн А.Үүл