Завхан аймаг дахь сургууль, дотуур байруудын ариун цэврийн байгууламжийг шалгалаа
Монгол Улсын Засгийн газраас хөдөөгийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль дотуур байр, цэцэрлэгүүдийг боловсон “OO”, шүршүүртэй болгох ажлыг 2020 онд эхлүүлсэн. Уг ажлын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан хүлээсэн. Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Завхан аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн референт, Боловсрол, шинжлэх ухааны яамны ахлах шинжээч, Боловсролын ерөнхий газрын болон Барилгын хөгжлийн төвийн инженерүүд багтжээ.
Мөн аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүдийг хяналт шалгалтын ажилдаа татан оруулав. Тэд сумуудын сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн гүйцэтгэл, ашиглалт, хэрэглээтэй газар дээр нь үзэж танилцан, шаардлагатай бол зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Завхан аймаг 26 цэцэрлэг, 40 сургууль, 25 дотуур байртай. Эдгээр 91 сургууль, дотуур байр цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар Завханы Асгат, Баянтэс, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Дөрвөлжин, Баянхайрхан, Отгон, Ургамал, Яруу, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино гэсэн 13 сумын 12 цэцэрлэг, 18 сургууль, 13 дотуур байр буюу нийт 43 объектын ариун цэврийн байгууламжийг 100 хувь ашиглалтад оруулжээ. Шалгалтын явцад Отгон сумын дотуур байрны бохир болон цэвэр усны шугам хөлдсөн байв. Тиймээс инженерүүд уг байгууламжийг барьсан “Сэрүүн овоот” компанийн төлөөллийг дуудаж, шугам нэг бүрийг хамт шалгаж, шийдэл гаргалаа. Тодорхой хэлбэл, төвөөс ирсэн инженерүүд хаана нь хөлдсөн, юу нь гэмтсэнийг тодорхойлж, зөвлөгөө өгснөөр аймгийн мэргэжилтнүүд болон “Сэрүүн овоот” компанийн төлөөлөл хамтран Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүд дулаахан, халуун устай, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Отгон сумын ерөнхий боловсролын сургууль 1-12 дугаар ангийн 376, сурагчтай, насан туршийн боловсролын ангидаа 50 хүүхэдтэй. Дотуур байранд 55 хүүхэд аж төрдөг юм байна. Дотуур байрны сурагчид “Өнгөрсөн намраас буюу энэ хичээлийн жилд гоё паартай, халуун устай байранд амьдарч эхэлсэн. Шөнө орой гадаа гарч бие засахгүй нь бүүр гоё. Харамсалтай нь, сургуулийн “OO” оны дараахан хөлдөөд бид гадаа гарч, даарахад хүрсэн” хэмээн ярьсан.
Харин Улиастай, Алдархаан, Идэр, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Цагаанчулуут, Шилүүстэй, Завханмандал, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан гэсэн 11 сумын 48 объектын ажил үргэлжилж байна.