УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхжээ. Тэрбээр хоёр орны Төрийн тэргүүний үзэглэсэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглал хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна. Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаров хоёр улсын уул уурхай, хөдөө аж ахуй, зам, тээвэр, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв.
Айлчлалын үеэр Киргизийн парламентын доод танхимын дарга Н.Шакиев, Улсын сайд нарын танхимын дарга А.Жапаров нартай хийсэн уулзалт, хэлэлцээний үр дүнд парламент хоорондын хамтын ажиллагааны байнгын механизм байгуулж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын Төвбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац зэрэг байгууллагын хооронд санамж бичиг байгуулснаа УИХ-ын дарга энэ үеэр танилцуулсан байна. Мөн хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Киргизээр дамжуулан Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд Монголын бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой алхмууд хийснийг дурджээ. Тэрбээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилсан байна.
Өчигдөр УИХ-ын дарга “Манас” их сургуулийн оюутнуудтай уулзаж, ярилцсан аж. Ийнхүү парламентын даргын түвшинд 21 жилийн дараа Киргиз улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө.
Бэлтгэсэн С.Уул