Баянхонгор аймгийн төв дэх “Чандмань Баянхонгор” орон нутгийн өмчит компанийн хариуцдаг, 13 дугаар цэцэрлэгийг дулаанаар хангадаг нам даралтын уурын зуух дэлбэрч, хүний амь үрэгдсэн осол өчигдөр 16.40 цагийн үед гарлаа. Уг дэлбэрэлтийн улмаас цэцэрлэгийн нэг, хоёрдугаар давхрын хэд хэдэн цонх хагарч, гаднах хашаа нь нурж, уурын зуухны дээвэр нь нэлээд хол шидэгджээ. Азаар хүүхдүүд, багш, ажилчид бэртэж, гэмтээгүй гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлэв. Уг цэцэрлэг нь аймгийн төвийн орон сууцуудаас алслагдмал, гэр хороололтой залгаа, Баянхонгор сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж. Дэлбэрэлтийн улмаас уурын зуухны галчаар ажиллаж байсан Б.Н нас барсан гэнэ.
Орон нутгийн цагдаа, онцгой байдлын байгууллагынхан хэргийн газарт ажиллаж, манайсониныдугаар шилжих мөчид үзлэг шалгалт хийж дуусаагүй байсан бөгөөд дэлбэрсэн шалтгаан, нөхцөлийг мэргэжлийн шинжээчид тогтооно гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав. “Чандмань Баянхонгор” орон нутгийн өмчит компанийн нам даралтын уурын зуух дэлбэрсэн шалтгааныг урьдчилсан байдлаар БНХАУ-д үйлдвэрлэсэн зууханд хий ихээр хуримтлагдаас болсон байж болзошгүй гэж үзэж буй юм билээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон