Байгуулагдаад гурав орчим жилийн нүүр үзэж байгаа, гадаадын алдартай нэвтрүүлэг, контентуудыг онцгой эрхтэйгээр монголчуудад хүргэдэг нэгэн энтертайнмент телевиз “Хөдөөгийн сэргэлт” баримтат цувралыг энэ сарын 5-наас эхлэн мягмар гараг бүр үзэгчдэд толилуулахаар болсноо албан ёсоор зарлаад байна. Улаанбаатар хотын үймээнт амьдралын хэв маягаас татгалзаж, амар амгаланг эрэлхийлэн, хөдөө нутагт суурьшсан 10 хүний бодит түүх, арга туршлагыг эл цувралаар хуваалцах гэнэ. Өнөө цагийнхны амьдралыг харах өнцгийг өөрчилж, зоригтой алхам хийхэд нь энэ контент туслах юм байх.
Үзүүштэй, өгөөжтэй бүтээлээр ангаж цангасан олон нийт “Зурагт үзэх шалтгаантай болох нь”, “Гадаадын шоу дамжуулж байснаас иймэрхүү амьдралтай нэвтрүүлэг гаргах хэрэгтэй” хэмээн сайшаах маягтай хүлээн авч байгаа нь анзаарагдав. Тэр хэрээр хүлээлт өндөр буй бололтой. Харин тус телевизийнхэн үзэгчдийн хүлээлтэд хүрсэн, бодит байдлыг ямар нэг чимэг хачиргүй тусгасан, баримтат хэмээх төрөл жанрынхаа шаардлагыг хангасан цуврал үзүүлж чадах болов уу гэдэг нь тун эргэлзээтэй.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Хөдөөд бугшсан энэ мэт хандлага, сэтгэлгээ, ужиг тогтолцоог өөрчлөхгүйгээр “Хөдөөгийн сэргэлт”-ийн үзэл баримтлал, үндсэн зорилгыг биелүүлж чадахгүй. Орон нутгийг зорьж буй иргэдэд ээлтэй тогтолцоог бүрдүүлж байж л хөдөөг хөгжүүлнэ. Ингэж чадаагүй цагт хэчнээн том бүтээн байгуулалт хийгээд, ямар ч сайхан боломжуудыг амлаад нэмэргүй.
Ийнхүү тээнэгэлзэх болсон нь уг нэвтрүүлэг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт”-ийг сурталчлах зорилготой гэдэг нь илт байгаа юм. Тиймээс хөдөөд амьдрал болж бүтэж байгаа, тэнд л аюулгүй, амар тайван аж төрөх боломжтой гэсэн мессежийг олон нийтэд өгч, төр засгийн бодлого, шийдвэрүүдийг сурталчлах болов уу. Магадгүй нэвтрүүлгээ сонирхолтой болгох үүднээс гол баатрууддаа тулгарсан сорилт, саад бэрхшээлүүдийг тодруулан харуулах ч эцэст нь тэр бүхнийг амжилттай даван туулж, амьдрах арга эв, учир зүйгээ олж төвхнөсөн, сайн сайханд хүрсэн мэтээр уянгын халил нэмэх байх. Ингэж л олон нийтийг бүү хуураасай, төөрөгдүүлээсэй. Хөдөөгийн хөгжил дэвшилд саад болж буй, орон нутгийн иргэдэд, ялангуяа шилжин суурьшсан хүмүүст тулгарч байгаа бэрхшээлүүдийг бодитоор харуулаасай. Ингэж байж бид нийслэл, орон нутгийн хөгжлийг тэнцвэржүүлэх, хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурийг бүрдүүлж чадна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох “Хөдөөгийн сэргэлт”-ийг хэрэгжүүлэхдээ хэлбэрдэлтэд нь хэт анхаараад, “дотогшоо” нь ер өнгийхгүй байна уу даа гэж ажиглагдах боллоо. Энэ нь хий хоосон амлалт, уриа лоозон, суртал ухуулгын шинжтэй элдэв хэлэлцүүлэг, чуулган, нэвтрүүлгүүдээс нь харагдаж байна. Өнгөрсөн оны хавар Засгийн газраас “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган зохион байгуулж, баахан залуусаар сайн сайхан зүйл яриулсан. Харин одоо ийм агуулгатай цуврал контент бэлтгэн хүргэх нь. Магадгүй энэ нь сонгууль угтсан, пиарын шинжтэй шоу байж мэдэх юм. Гэтэл залуус хөдөөд өөрчлөгдсөн зүйлгүй, нөхцөл байдал хүнд буйг хөндөх боллоо. Нийслэлээс орон нутаг руу шилжсэн залууст төр засгаас, аймаг, сумын удирдлагууд олон зүйл амласан ч тэр нь хэрэгжихгүй байна.
Монгол орны баруун хязгаар нутаг, Ховд аймагт өнгөрсөн онд нийслэлээс шилжин суурьшсан нэгэн бүсгүй “Энд цэвэр агаар, амар амгалан байдал гээд сайхан зүйлс, давуу тал бий. Гэхдээ олон асуудал тулгамдаж байна. “Манай гэр бүлд (гурван хүүхэдтэй) 0.07 га газар олгоно уу” хэмээн хүсэлт гаргахад орон нутгийн захиргааны хан “Хүн амьдрах боломжтой газар дуусчихсан” гэсэн. Одоо бид түрээсийн байранд амьдарч байгаа. Засгийн газраас баталсан залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрт “Орон нутаг руу шилжсэн өрхийн эхний нэг жилийн байрны түрээсийг хариуцна”, “Хүүхдийг нь сурах боломжоор хангана”, “Гурван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулна” гэсэн олон сайхан зүйл бичсэн ч огт хэрэгждэггүй. Өөрийн гэсэн газаргүй, оршин суух хаяггүй учир шилжүүлгээ ч хийлгэж чадахгүй байна. Түр оршин суугчийн хүүхдийг сургууль, цэцэрлэгт авдаггүй юм билээ. Улаанбаатарын стресстэй амьдралаас холдох гэж энд ирсэн боловч энэ мэт асуудлуудаас болоод аргагүйн эрхэнд бухимдах боллоо. Засгийн газрын бодлого, шийдвэрүүд хөрсөн дээрээ хэрэгждэг бол залууст хөдөө амьдрахыг уриалж болох юм” хэмээн ярив.
Залуусыг дэмжих Засгийн газрын амлалтад итгэн Сэлэнгэ аймаг руу шилжиж, захиргааны байгууллагад нь ажилд орсон нэгэн иргэнд мөн л дээрх сайхан боломжуудын аль нь ч олдоогүй гэх. Газар, байр, хөнгөлөлттэй зээл, урамшуулал авах нь байтугай үндсэн цалингаа ч бүрэн авч чадахгүй олон сар болсныг ойр дотнынх нь хүн нийгмийн сүлжээнд бичжээ. Бодит байдал ийм л байна. Гэтэл Засгийн газар “2023 онд түүхэндээ анх удаа 20 мянган хүн хөдөө, орон нутаг руу шилжлээ. “Хөдөөгийн сэргэлт”-ийн үр дүн гарлаа” хэмээн сурталчилсаар. Дээрх хоёр иргэний адилаар, дэврүүн бодлоор хөдөө очиж “хад мөргөсөн” нэгэн залуу “Улаанбаатар утаатай, түгжрэлтэй, стресстэй, халтиргаатай, сургууль, цэцэрлэг нь хүртээмжгүй, эмнэлэг нь оргүй, аятай тухтай амьдрах нөхцөлгүй учраас л залуу гэр бүлүүд үр хүүхдээ бодсондоо, аргагүйн эрхэнд хөдөө рүү дүрвэж байгаа юм. Харин тэнд нь очихоор газар олгодоггүй, ажил хийлгэдэггүй, бизнесийг нь дэмждэггүй. Ямар сэргэлт байх вэ дээ” хэмээн нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлсэн нь өнөө цагийн чимэг хачиргүй бодит байдал байлаа.
Хөдөөг хөгжүүлэх үндэс нь ажлын байр. Ажилтай, орлоготой байж гэмээнэ хүмүүс хөдөө тогтвор суурьшилтай амьдарна, ахуй амьжиргаагаа залгуулна, ирээдүйгээ төлөвлөнө. Харин өдгөө хөдөө ажлын байр хомс байна. Орон нутгийн захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг цөөн хэдэн улсын, төрийн байгууллагад ажиллах сонголт байдаг ч эдгээр нь “гаднын” хүмүүст ихээхэн халтай. Хөдөлмөрийн хууль, журмыг нарийн мөрддөггүйгээс цаг наргүй ажиллуулдаг, чиг үүргийн бус зүйл хийлгэдэг, дарамт шахалт, нам, улс төрийн нөлөө их гээд элдэв бэрхшээл мундахгүй. “Нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна”, “Хөдөө, орон нутагт сайн сайхан амьдрах боломж бий гэдгийг батлан харуулна” гэх өөдрөг зорилго, хүсэл тэмүүллээр буурь сэлгэсэн залуусын ирийг энэ бүхэн мохоож, элдэвлэсээр байна.
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудтай уялдуулан өнгөрсөн онд “Нээлттэй Булган” хөтөлбөр баталж, нийгэм, эдийн засгийн байдал, нөөц боломждоо тулгуурлан шилжин ирэх хүн амын урсгалыг дэмжих бодлого хэрэгжүүлэхээ зарласан анхдагчдын өлгий нутгийнхан аймагт нь шилжин очсон хүмүүст ихээхэн халтай, төрийн албан хаагчдыг шат шатандаа дээрэлхэж, дарамталдаг талаарх баримтууд өнгөрсөн оны намар олонд ил болсон. Тус аймагт шилжин суурьшсан гэмтлийн эмч Г.Вандандорж байгууллагад нь газар авсан улс төр, намчирхлаас үүдэлтэй хавчлага, дарамтыг тэсвэрлэх аргагүйд хүрсэн учраас Дархан-Уулын Нэгдсэн эмнэлэг рүү шилжих болсноо цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд зарлаж байв. Булганы цагдаагийн газарт томилогдон ажиллаж байсан О.Цэлмэг хэмээх залуу байгууллагынх нь удирдлагууд тодорхойгүй шалтгаанаар цалин хасдаг, шаардлага тавьсан алба хаагчдыг элдвээр хавчин гадуурхдагийг мөн илчилж, өөр газар луу шилжих болсноо нийтэд мэдээлсэн. Засгийн газрын бодлогыг дэмжих нэрийн дор элдэв хөтөлбөр, арга хэмжээ санаачилж, залууст сайн сайхан зүйл амлан, урин дуудаж буй аймаг, сумынхан үнэн хэрэгтээ шилжин ирэгсдийг хүлээж авах бэлтгэлгүй, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлж чадаагүйг энэ бүхэн харуулж байна.
Ер нь хөдөө, орон нутагт ажлын байрны орчин нөхцөл, ая тух тааруу, хууль, журмын хэрэгжилт назгай байдаг аж. Ховд аймгийн Үенч сумын ЗДТГ-т ажилладаг нэгэн иргэн “Хөдөө түгжрэлгүй, автобус унаанд мөнгө зарцуулахгүй сайхан гэдэг боловч аахар шаахар бэрхшээл олон. Хүн хүч муутай учраас нэг хүнд 2-3 алба хаагчийн ажил хариуцуулах, гэр ойрхон, оройтох зовлонгүй гээд илүү цагаар ажиллуулах, амралтын өдрүүдэд ийш тийш явуулах нь энүүхэнд. Ялангуяа захиргааны ажилтнууд байсхийгээд л аймаг, хот руу хурал, зөвлөгөөнд явдаг. Дарга нар хэнийг авч явна гэнэ, тэр хүн нь ямар ч асуудалтай байсан үгийг нь дагах болдог. Танилын нүүр халуун гэгчээр жижиг сумынхан бүгд нэг нэгнээ таньдаг тул ажлаа дүрэм, журмын дагуу явуулах, шаардлага тавихад хүртэл бэрхшээлтэй байдаг. Эндхийн уугуул, олон ажил амьдарч байгаа бидэнд ийм бэрхшээл байдаг юм чинь шилжин ирж буй залууст бүр ч хэцүү” гэсэн юм.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Хөдөөд бугшсан энэ мэт хандлага, сэтгэлгээ, ужиг тогтолцоог өөрчлөхгүйгээр “Хөдөөгийн сэргэлт”-ийн үзэл баримтлал, үндсэн зорилгыг биелүүлж чадахгүй. Орон нутгийг зорьж буй иргэдэд ээлтэй тогтолцоог бүрдүүлж байж л хөдөөг хөгжүүлнэ. Ингэж чадаагүй цагт хэчнээн том бүтээн байгуулалт хийгээд, ямар ч сайхан боломжуудыг амлаад нэмэргүй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны төсвийн төслийг боловсруулахдаа хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжихэд бүхэлд нь чиглүүлсэн хэмээн сүр дуулиантайгаар зарласан. Шинэ төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулахаасаа илүү олон жил сунжирч, төсөвт дарамт учруулж байгаа, хөдөө, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц ажлуудыг дэмжиж, урагшлуулах бодлого баримталж буй гэдгээ ч хэлсэн юм. Яг үнэндээ хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангахын тулд шинэ барилга, байгууламж босгохоос илүүтэй ужгирсан тогтолцоог халах, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх нь чухал байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл