Засгийн газрын ээлжит хуралдаанаас өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбоотой гаргасан багц шийдвэрээс танилцуулж байна.
ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн нөөцөд буй 10.2 мянган тонн тэжээлийн улаанбуудай, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9 мянган тонн тэжээлийн улаанбуудайг татан төвлөрүүлж төмөр, цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар болов.
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
- Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулах шийдвэр гаргалаа.
- Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан малчдад хүнсний бүтээгдэхүүн олгох шаардлага үүсээд байна. Хаваржилт хүндэрч байгаа аймгуудын малчдад улсын нөөцөөс гурил, цагаан будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг нэн шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах зардлыг шийдвэрлэлээ.