Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан багц шийдвэр гаргалаа. Тухайлбал, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн нөөцөд буй 10 200, аж ахуйн нэгжүүдэд хадгалагдаж байгаа 9000 тонн тэжээлийн буудай, малын тэжээлийг татан төвлөрүүлж, төмөр болон цагаан зудтай аймгуудад олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов. Ингэхдээ төмөр зудтай байгаа сум тус бүрд150, цагаан зудтайд нь75 тонн тэжээлийн будааг үнэгүй хүргэх нь. Дунджаар нэг айлд 250 кг тэжээл ногдоно гэж тооцсон байна. Үүнээс гадна малчдад улсын нөөцөөс гурил, цагаан будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг нэн шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэлээ. Үүгээр өрх тус бүрд10 кг гурил, таван кг цагаан будаа хүргэхээр тооцжээ.
Мөн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Үүгээр туулах чадвар сайтай, гурван төрлийн 105 автомашиныг шууд худалдан авах юм байна. Тодруулбал, “Форд ренжер” пикап болон “УАЗ-Фургон” загварын автомашин тус бүр 30, бусад нь “Сүзүки жимни” (таван хаалгатай) байх аж. Автомашинтай болох хүсэлтийг 164 сумаас ирүүлжээ.
Тус хуралдаанд малчдын зээлийн талаар авах арга хэмжээний саналын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ. Ингээд малчдын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, хүүг нь зургаан хувь байхаар тооцож, зөрүүг төрөөс хариуцан төлөх талаар судлан, Монголбанк, арилжааны банкуудтай зөвшилцөж, танилцуулахаар болсон байна. Ингэхдээ зээлийн болон хүүгийн төлөлтийг тус бүр нэг жилээр хойшлуулах саналыг Засгийн газраас тавьж буй аж. Харин зээлийн хүүгийн хуримтлалын зургаан хувийг малчид, бусдыг нь Засгийн газраас хариуцах гэнэ. Арилжааны банкуудад малчдын 1.3 их наяд төгрөгийн зээл буй бөгөөд үүнд хуримтлагдах хүүгийн төлбөр 280 орчим тэрбум төгрөг болохоор байна. Харин нэг малчин дунджаар 10 орчим сая төгрөгийн зээлтэй байгаа бол хүү нь дунджаар 20.5 хувьтайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга энэ талаар мэдээлэл хийхдээ онцлов.
Мөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, мах худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа. Улмаар нийслэлийн хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг ирэх сарын 11-нээс эхлэн худалдаалахаар шийдвэрлэв.
Түүнчлэн мал, амьтны тэжээл, нэмэлт болон буудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм. Бас хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын амрах хугацааг нэмэгдүүлэх боломжтой, эсэхийг судалж, шийдвэрлэхийг салбарын сайдад нь даалгав. Цаашид орон нутагт сурагчдын амралтыг Цагаан сарын баяр болон тухайн бүс нутагт мал төллөх хугацаанаас хамааруулан ялгаатай тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих, болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгалаа. Зудын улмаас бий болж буй малын сэг зэмийг устгах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах, малын гоц халдварт цэцэг, бог малын мялзан өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх, вакцин, тарилга, эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, орон нутагт хүргэх, вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг салбарын сайдад үүрэг болгов.
Бэлтгэсэн: Б.Уран