“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэдээллийн технологийн инженерүүд худалдан авах ажиллагааны үнэлгээнд хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээр ажиллаж буй аж. Системийн анхны туршилтын хувилбарыг маргаашаас ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус байгууллага өнгөрсөн онд худалдан авалтын 1569 тендер зарлан, тэдгээрийн үнэлгээний хороонд 300 орчим хүн ажилласан бол давхацсан тоогоор 4760 компани шалгаруулалтад оролцсон байна. Нэг компанийн тендерийн материал 100-200 хуудастай байдаг аж. Нэг үнэлгээний хороо дунджаар таван компанийн тендерийн материалтай танилцдаг гэж үзвэл 500-1000 хуудас бичиг баримтыг уншиж, ангилах, иж бүрдлийг нь шалгах, үнэлэх шаардлагатай болдог гэнэ. Үндсэн ажлынхаа хажуугаар ийм хэмжээний материалтай танилцахад мэргэжилтнүүд алдаа гаргах магадлалтай тул үүнийг хөнгөвчлөх, авлига, ашиг сонирхлоос ангид байлгах, шударга үнэлгээ хийх зорилгоор дээрх ажлыг эхлүүлжээ. Туршилтын явцад сайжруулах зүйлсэд анхаарч, энэ оны сүүлийн хагас жилд худалдан авах ажиллагаанд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөсөн гэв.
Бэлтгэсэн Б.Сонор