Авлигын хэргийн холбогдогч, яллагдагч нар албан тушаалаа урвуулж, төсвийн, татвар төлөгчдийн мөнгөнөөс завшиж олсон хөрөнгөө нуухын тулд элдэв арга хэрэгсэл ашиглаж буй. Мэдээлэлд ойр эрх мэдлээ ашигласан төрийн өндөр албан тушаалтан гадаадын банканд олон сая ам.доллароо харь хүнээр зуучлуулан хадгалж, мартсан хэргийг уншигчид санаж байгаа нь лавтай.
Далайн чанадын болон хөгшин Европын аль нэг оронд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан төрийн өндөр албан тушаалтан, Монголбанкийг удирдаж байсан хүмүүсийн тохиолдлууд ч бий. Татварын таатай орчин болох оффшор бүсэд найз нөхөд, танил, хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр аж ахуйн нэгж байгуулаад, түүгээрээ авлигын мөнгөө угааж, үл хөдлөх хөрөнгөд оруулсан явдлууд ч байдаг. Түүнчлэн “Нүүрсний” хэргийн яллагдагч нар, эх орноосоо элэг буруулсан “шувуу” Улаанбаатарт төдийгүй Казахстанд ч орон сууцын хороолол бариулж, өндөр үнэтэй оффисуудад талбай худалдан авсан тохиолдол ч гарсан. Цадаж ханахаа мэддэггүй цагаан захтнууд ард түмний, татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсон, авлигын хэргийн хор хохиролд мөнгөөр юу авч, яаж нууж байв гэдэг мэдээллийг уншигчдадаа хүргэе.
“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС”-ИЙН ДЭД ЗАХИРАЛ Б.ЖАРГАЛСАЙХАНЫ УСАН ЗАВЬ 58 САЯЫН ҮНЭТЭЙ
Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга, эл ХХК-ийн захирал П.Энхтүвшин, “Аглаг хангайн уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрах, иргэн Б.Пунцагбалжир нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Дундговь аймгийн нутаг дахь Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа нэр дурдсан хоёр ХХК-ийн удирдлагаас нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон төрийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалтнуудад шүүх 27 сая төгрөгөөр торгох ял шийтгэчхээд байгаа. Тодруулбал, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн захирал П.Энхтүвшингээс Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Цома” оффисын гадна 192, Хан-Уул дүүрэгт байрладаг “Империал хаус” хотхоны гадна 158 сая гэх байдлаар нийт 1.4 тэрбум төгрөгийн хахууль авсан байдаг. “Аглаг хангайн уулс” ХХК-ийн захирал Т.Бүрэнбадрахаас 1.1 тэрбум гаруй төгрөгийн хахууль нэхэж авсан хэрэгт буруутгагдсан билээ.
Эл хээл хахуулийн хэргийг гардан зохион байгуулж оролцсон хэмээн шүүх, прокурорын шатанд дүгнэсэн хүн бол төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан. Түүнийг хахууль авах, мөнгө угаах хэргийг зохион байгуулж, хамтрагчаар оролцсон хэмээн яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд тодотгосон юм. Тэрбээр хахуулийн мөнгөнөөсөө усан завь авсныг олон нийтийн сүлжээнд хэд хоног онцлов. Хэрхэн хахууль авч, мөнгө угаасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/1121 шийтгэх тогтоолоос эш татан хүргэе.
Б.Жаргалсайхан нь “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга болон иргэн Б.Пунцагбалжир нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн тус компанийн гүйцэтгэх захирал П.Энхтүвшингээс 2020 оны зургаадугаар сарын 4-нөөс 2021 оны нэгдүгээр сарын 21-ний хооронд 1 455 603 225 (нэг тэрбум 455 сая 603 мянга 225), “Аглаг хангайн уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрахаас 2020 оны тавдугаар сарын 19-нөөс 2021 оны хоёрдугаар сарын 10-ны хооронд 1 257 000 000 (нэг тэрбум 257 сая) төгрөгийг хахуульд авсан. Уг мөнгөнөөс458 саяыг нь ашигласан аж. 2.5 тэрбум гаруй төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлахын тулд “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяраас эхнэрийнх нь 96-95 У... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 260 саяар худалдан авч, 2020 онд Б.Баттулгын, 2021 онд “Хотол даян” ХХК-ийн нэр дээр шилжүүлээд, эцэст нь иргэн О.А-т 250 сая төгрөгөөр борлуулсан байна. Эл“Лексус-570” загварын автомашин нь өдгөө 0070 ... дугаартай, Өмнөговь аймгийн иргэний нэр дээр буй юм. Үүнээс гадна “Ланд круйзер-200” тээврийн хэрэгслийг 155 саяар авч, иргэн Ж.Г-ын нэр дээр шилжүүлсэн гэнэ.
Б.Жаргалсайхан, Б.Баттулга нар нэг нутаг усныхбуюу Хөвсгөлийнхөн. “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал эр Б.Баттулгаар дамжуулан М.О гэх хүний Хаан банкны данс руу удаа дараа гүйлгээ хийлгэж, нийт 58 сая төгрөг өгч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд “Ашихай-4” нэртэй, В901 загварын, М51ХӨ улсын дугаартай усан тээврийн хэрэгсэл буюу моторт завь худалдан авчээ. Эдгээр үйлдлээс гадна Б.Баттулгын эзэмшлийн “Хотол даян” ХХК-ийн дансаар нийт 140 сая төгрөг шилжүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэтэд орон сууц худалдан авсан аж. Б.Жаргалсайханд холбогдох мөнгө угаасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, зөвхөн хахууль авсан хэрэгт нь 27 сая төгрөгөөр торгох ял шийтгээд буй.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасны дагуу “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяраас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.3 тэрбум гаруй, Б.Жаргалсайханаас 993.3 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор болсон.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-9-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үйл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно” гэж заасныг үндэслэн Б.Жаргалсайханаас мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан хөрөнгө болох “Ланд круйзер-200” загварын автомашиныг 155, “Ашихай-4” нэртэй В901 загварын М51ХӨ улсын дугаартай усан завийг 58, Эрдэнэтэд худалдан авсан орон сууцыг нь140 сая төгрөгт дүйцүүлэн хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.
КРИПТО ВАЛЮТААР МӨНГӨӨ УГААСАН ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЛГҮЙ ӨНГӨРЧЭЭ
Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, ашигт малтмал нийлүүлэх гэрээний төлбөрөөс ашиг олж, мөнгө угаах явдал бий. Түүний нэг бодит жишээ бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан З.Ганбаатар, хамт ажилладаг Л.Дэлгэрбатын хамтаар хахууль авч, мөнгө угаасан хэрэгт холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн тохиолдол. Хонконг, Виржиний арал зэргээр дамжуулан угаасан мөнгөнөөсөө Английн Лондон хотноо 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум гаруй төгрөгөөр нь З.Ганбаатар 110 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгө авсан байсныг шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон. Ингэхдээ тухайн хөрөнгийг түрээсэлж, олсон орлогыг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн харьяа цэцэрлэгийн хүүхдүүдийн англи хэлний мэдлэгт зориулж буй билээ.
Тэгвэл төрийн өмчит эл үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой өөр хэргүүдийг АТГ-ынхан шалгасаар ирсэн. Гэхдээ манай хуульчдын мэдлэг боловсрол нимгэнээс болсон уу, эсвэл Эрүүгийн хууль дахь мөнгө угаасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа богино байдгаас шалтгаалсан уу зарим нотлох баримтыг үл ойшоож орхисон тохиолдол ч бий гэдэг. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн албан тушаалтнуудтай холбоотой нэгэн хэргийг шалгах явцад бидний нэрлэж заншсанаар флаш дисктэй адил зүйл эд мөрийн баримтаар хураасан аж. Уг зүйлийг нь сайтар шалгахад крипто валют цуглуулах, ашиг олох төхөөрөмж байжээ. Гэвч орон нутгийн шүүх, прокурорынхон түүнийх нь талаар мэдлэг хомс байснаас нотлох баримтыг алдчихсан тохиолдол ч бий гэдэг.
Манай хууль хяналтын байгууллагынхан нэг үеэ бодвол мэдлэг боловсролоо сайжруулж, цагаан захтнууд яаж мөнгө угаадаг, хаанахын ямар банкаар дамжуулсан болохыг төвөггүй илрүүлдэг болсон. 10-аад жилийн өмнө МИАТ компанийн удирдлага болох Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон тэргүүтэй хүмүүс “Дайны эрсдэлийн даатгал” нэрээр мөнгө угаасан хэрэг гарч байсныг зарим уншигч санаж буй. Тэр үед энэ хэрэгт ач холбогдолтой нотлох баримт нь нэг холбогдогчийнх нь тагтан дээр тоосонд дарагдаад хэвтэж байж. Хэрэв хууль сахиулагчид түүнийг анзаарч шалгаагүй бол мөнгө угаасан үйлдлийнх нь нотлох баримт тоосонд дарагдсан чигээрээ л өнгөрөх байсан болов уу. Тоосонд дарагдсан тэр цаасан дээр дэлхийд алдартай Хонконгийн банкны нэр бичээстэй, мөнгөн гүйлгээний баримтууд байжээ.
ХАХУУЛИАРАА АЛТТАЙ ГЭРЛИЙН БҮРХҮҮЛ, АДУУНЫ ЖҮЧЭЭ АВЧ МӨНГӨӨ УГААСАН НЬ Ч БИЙ
Авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хөрөнгөө нуухдаа элдэв зүйл худалдан авч буй. Дуулиант “нүүрсний” гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан гадаадаас брэндийн пиджак авчирч худалддаг байсан, маркны цуглуулга зарж борлуулсан мөнгөөрөө адууны жүчээ авсан хэмээн мэдэгдэж байсан удаатай. Юутай ч Т.Аюурсайханыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид гурван жил хорих ял шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хассан. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 1.8 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгүүдийг нь хурааж улсын орлого болгохоор шийдсэн юм. Энэ хөрөнгө дунд нь нэлээд өндрөөр үнэлэгдэх адууны жүчээ багтсан байдаг.
Тэгвэл алттай гэрлийн бүрхүүл (абжур) хураасан тохиолдол байдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Төрийн банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 онд шийдвэрлэж байсан. Тодруулбал, тус банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, Зээлийн ерөнхий хорооны гишүүн Ц.Энхтунгалаг, Ж.Бурмаа, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар нарт холбогдох “маш нууц” хэргийг хаалттай хэлэлцсэн билээ. 2017 оны зургаадугаар сарын 23-нд, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгохдоо давуу байдал бий болгосон хэмээн тухайн үед олны анхаарал татаж байв. Тэгвэл эл хэргийн холбогдогч нар болох Б.Цэндсүрэн, Д.Ганбаатар нарыг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, 98 000 ам.долларын хахууль авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгасан. Эл тавилга дунд нь алтны орцтой буюу үнэт металиар чимэглэсэн гэрлийн бүрхүүл байсныг хууль сахиулагчид эд мөрийн баримтаар хураан авч байжээ.
Авлигын хэрэгт холбогдсон хүмүүс автомашинд хөрөнгөө “оруулсан” тохиолдлыг тоолоод баршгүй. Хамгийн сүүлд шалгуулж буй Ханги боомт дахь Гаалийн салбарын албан тушаалтан Ж.Мөнхтөр, үүний өмнө АТГ-т шалгуулж эхэлсэн “Монголын төмөр зам”-ын албан тушаалтан Д.Банзрагч нарыг хахуулийн мөнгөөрөө жийп авсан байж болзошгүй хэмээн мөрдөн байцаалт явуулж байгаа.
Тэгвэл “ногоон автобус”-ны хэргийн хүрээнд шалгуулж буй, “Эрдэм транс” ХХК-ийн ерөнхий захирал Я.Эрдэнэбилэг, нэлээд олон жилийн өмнө шалгуулж байсан, Шадар сайд, Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж асан Д.Дорлигжав нар хуучны автомашины цуглуулгатай болох нь шалгалтын явцад ил болж байсан удаатай. Харин тэдгээрийг авсан хөрөнгийн эх үүсвэр юунаас гаралтай гэдгийг ард түмэн өнөөг хүртэл мэдэхгүй л сууна.