Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулсан, 23 хүртэлх насныхны УАШТ болж өндөрлөв. Тус тэмцээнд спорт хороо болон клубүүдийн дасгалжуулагчид шилдэг тамирчдаа жин тус бүрд сойж, ур чадвараа хэрхэн ахиулж, туршлага хуримтлуулсныг өрсөлдөгчийнх нь барилдаантай харьцуулан хардаг тул өрсөлдөөн ихтэй, сонирхолтой болдог.
Эрэгтэйчүүдийн ангилалд зодоглосон бөхчүүдээс 79 кг-ын жинд Б.Нанзад бэлтгэл сайтар базааснаа харуулж, анх удаа улсын аварга боллоо. Тэрбээр өмнө нь 22 хүртэлх насныхны лигийн тэмцээнд түрүүлж, ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулсан юм. 86 кг-д Т.Дэмчигдорж аваргын төлөө Спортын төв сургуулийн тамирчин М.Баяржавхлантай ана мана өрсөлдөж мөн анх удаа түрүүлэв. 92 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Д.Саранцогт жингийнхээ хүчтэй өрсөлдөгчдөөс энэ удаа насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт А.Мягмарсүрэнтэй түрүү байрын төлөө тааран хожиж, алтан медаль зүүв. 97 кг-д А.Дэмүүл Спортын төв сургуулийн тамирчдаас алтан медалийн салхи хагалж, “Тэх мөнх” клубийн Л.Отгонбаярыг дэвжээнд буулган авснаар шагналын тавцанд зогслоо.
Бөхийн төрлүүдийн тэмцээнд хүнд жингийн барилдаан олны сонирхлыг их татдаг. Өсвөр үе, залуучуудын УАШТ-ий үнэмлэхүй аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын начин Э.Батмагнай дэвжээнд эргэн ирснээ харуулж, 125 кг-д түүртэлгүй түрүүлснээр шилдэг гэдгээ батлан харуулсан. Тэргүүн байрын төлөө өрсөлдсөн учраа нь ч түүнд амархан ялагдахааргүй бөх. Хэн хэн нь нэгийнхээ барилдааны арга барилыг мэднэ. Ирэх жилийн тэмцээнд улсын хошой аварга Д.Нарантулга түүнээс даагаа нэхэх нь лавтай. Эрэгтэйчүүдийн барилдаанд багийн дүнгээр “Алдар”-ын хүчтэнүүд 151 оноогоор тэргүүлж, “Дархан хасу”-гийнхан (140 оноо) удаалж, Спортын төв сургуулийнхан (135 оноо) III байрт шалгарлаа.
Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд 50 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Мөнхгэрэл тэмцээний туршид өрсөлдөгчдөө илт давуу ялж, шигшээд шалгарсан юм. Тэрбээр финалд “Алдар” спорт хорооны тамирчин, цэргийн ДАШТ-ий хүрэл медальт Г.Оюундарийг даралтаар цэвэр хожиж, хоёр том тэмцээнд дараалан, улсын аваргаар тодров. М.Мөнхгэрэл өнгөрсөн сард болсон насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж байв. Бөхийн хорхойтнууд Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын аварга Ч.Отгонтуяаг 53 кг-д “Алдар”-ын Р.Оюунбилэгтэй барилдахад түрүүлнэ гэж таамаглаж байлаа. Сүүлийн үед үеийнхнээсээ ур чадвараараа ялгарч, тив, дэлхийн тэмцээнд хүч сорих болсон тэрбээр энэ удаа ч гэсэн олны итгэлийг алдсангүй. 59 кг-д зодоглосон Б.Анударь ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулангийн төрсөн дүү. Тэд УАШТ-д түрүүлж, ховорхон амжилтыг бүтээв. Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн Б.Анударь “Хангарди” клубийн М.Рэнцэнхандыг илүүрхэж, жиндээ дийлдэхээргүй хүчтэй өрсөлдөгч болсноо мэдрүүлсэн.
55 кг-д Азийн аварга Б.Отгонтуяа “Хантайшир” дэвжээний бөх Т.Баяржаргалтай үзүүр түрүү булаалдаж, өөрийн амжилтыг дархаллаа. 57 кг-д М.Номин-Эрдэнэ шигшээд өрсөлдөгчдөө ялж, медалийн төлөөх барилдаанд “Алдар”-ын тамирчин О.Ариунзаяаг хожин, анхны түрүүгээ хүртлээ. 62 кг-д Б.Хонгорзул “Их Монголын хүчтэн” дэвжээний Л.Эрдэнэболорыг хожиж “Хилчин”-ий аваргуудын тоог нэгээр нэмэв. 65 кг-д Э.Одгэрэл (“Төв арж”) амаргүй учраа болох Н.Нархажидыг (“Алдар”), 68 кг-д Т.Энхжин (“Алдар”), А.Даваажаргалыг (“Голомт”), 72 кг-д Д.Цогзолмаа (“Алдар”), Э.Одзаяаг (“Женко”), 76 кг-д Т.Түвшинжаргал (“Хантайшир”) О.Цэлмүүнийг (Спортын төв сургууль) илүүрхэн аваргалж, хойшид ч найдвар бий гэдгээ харууллаа.
Үе үеийн алдартнуудыг төрүүлсэн “Алдар”-ынхан (185 оноо) багийн дүнгээр түрүүлж, “Налайх голомт”-ын бөхчүүд (112 оноо) шил дарж, “Хантайшир” дэвжээнийхэн (93 оноо) III байрт жагсав.