Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хэсгийнхэн хэрэг бүртгэлтийн долоо, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Тодруулбал, АТГ, ЭЦА-ны мөрдөгчид 1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж буй билээ.
Энэ хүрээнд 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчил илрүүлсэн гэнэ. Мөн улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгааг тогтоосон байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад 220 суралцагч 1.2 сая ам.доллар буюу 4.2 тэрбум орчим төгрөгийн зээлээ эргэн төлжээ.
Мөрдөн байцаалтын хэрэг үүсгэн шалгаж буй хоёр хэрэгт Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байсан Д.Гарди, П.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар татаад буй. Д.Гардийн тухайд албан тушаалаа урвуулж, 2022 оны 4-6 дугаар сард үр дүнгийн урамшуулал болон нэмэгдэл олгох тушаал гаргаж, төсвийн хөрөнгөөс өөртөө авсан. ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломатын академид 2014-2016 онд магистр, докторын хөтөлбөрт 32 мянган ам.долларын зээлээр суралцсанаа 2022 оны гуравдугаар сарын 14-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар чөлөөлүүлэх тушаал гаргуулж, улмаар барьцаа хөрөнгөө ч суллуулсан үндэслэлээр яллагдагчаар тооцсон. Шалгалтын явцад Д.Гарди гадаадын их, дээд сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдад санхүүжилт олгохдоо 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй үнэлэгдээгүй, суралцагчийн дүнгийн мэдээлэл, хувийн хэргийг ирүүлээгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 30-аад хүнд 421 530 ам.доллар буюу 1.4 тэрбум гаруй төгрөгийг шилжүүлэх шийдвэр гаргаж, бусдад давуу байдал олгосон нь тодорхой болсон байдаг.
Харин Боловсролын зээлийн сангийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэн 2008 онд Австралийн Сиднейн их сургуульд сурахаар тус сангаас 47 010 ам.долларын зээл авсан нь нээлттэй мэдээллээр ил болсон. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан байдаг. П.Лхагвасүрэнгийн хүү нь Австралийн Сиднейн технологийн их сургуульд суралцахаар гэрээ байгуулсан ч Шинэ өмнөд Уэльсийн их сургуульд сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авсан аж. Түүгээр ч зогсохгүй зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан барьцаа болох орон сууц, авто зогсоолын барьцаалбарыг хүчингүй болгосон гэдэг.
Өдгөө хэрэг бүртгэлтийн шатанд буй долоон хэрэг нь эрх бүхий албан тушаалтнуудын зээл олгох, чөлөөлөх шийдвэр, суралцагчийг сонгон шалгаруулсан нь шударгаар явагдсан уу гэдгийг тогтоохоор шалгаж байгаа үйлдлүүд аж.