НҮБ-ын Хүүхдийн сан зудад өртсөн малчин айлуудын хүүхдэд туслах зорилготой хандивын аян өрнүүлж байна. Монгол орны газар нутгийн 90 орчим хувьд зуд нүүрлэж, зам, даваа хаагдсанаас малчдын хүүхдүүд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бусад үйлчилгээг авч чадахгүй байгааг тус байгууллагынхан хөндлөө.
Тэдний мэдээлж буйгаар зудад өртсөн нийт иргэдийн 41.5 хувь буюу 62 500 нь хүүхэд гэнэ. Одоогоор эл байгууллагынхан 67 сумд зам гаргах ажилд шатахууны дэмжлэг үзүүлж, 38 600 хүүхдэд аминдэмийн болон эм, эрүүл ахуйн багц хүргүүлээд байгаа аж. Цаашид аянаа улам өргөжүүлж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүүхэд багачуудад ойртуулах шаардлагатай гэж үзжээ.
Аянд нэгдэх хүсэлтэй хүмүүс тус байгууллагын вэб сайт болон фэйсбүүк хуудсанд байршуулсан хандивын данс руу мөнгө шилжүүлэх боломжтой. Мөн Хүүхдийн сангаас санал болгож буй ариун цэврийн болон эм, эмнэлгийн бүтээгдэхүүний, хоол хүнс, олон найрлагат бичил тэжээлийн багцаас худалдан авч, хандивлаж болох нь. Түүнчлэн малчин өрхийн хүүхдүүдэд хичээл заах таблеттай багшийг “түрээсэлж”, аудио номын багцыг хүргүүлэх сонголт ч бий аж.
Бэлтгэсэн Н.Мишээл