УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсад ажиллаж буй аж. Манай улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламент 126 гишүүнтэй байхаар хуульчилсан. Удахгүй болох сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, тойргоос 78, намын жагсаалаар 48 гишүүн сонгоно. Түүхэнд анх удаа ийм өөрчлөлт хийж буй тул 126 гишүүний суух өрөө тасалгааг бэлдэхээс эхлээд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг бэлтгэл хангахаар Тамгын газрынхан ажиллаж байгаа юм. Улмаар тэд энэ талаар олон улсаас туршлага судалж буй бөгөөд ээлжит улс нь Энэтхэг болжээ. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга тус улсын парламентын Лок Сабха (доод танхим)-гийн бүтэц, зохион байгуулалт, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, хуралдааны дэг, гишүүдийг чадавхжуулах тогтолцоо, хэрхэн судалгаа хийдэг зэрэг туршлагыг судалж байна.
Өнгөрсөн онд УИХ-ын даргын урилгаар БНЭУ-ын Лок Сабхагийн дарга Ом Бирла Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, үүний хүрээнд хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протокол байгуулсан. Тиймээс уг ажлын айлчлалын хүрээнд тэрбээр БНЭУ-ын парламентын доод танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингхтэй уулзаж, дээрх протоколыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Улмаар хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх, чадавхжуулах, парламентын ажлын албаны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр туршлагаа хуваалцахад хамтрах сонирхлоо илэрхийлсэн байна. Мөн хуулийн төсөл боловсруулагчдад зориулсан ахисан шатны, олон улсын түвшний сертификат олгох сургалтыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтээ уламжилжээ. БНЭУ-ын парламентын доод танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх протоколыг хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гаргах, хуулийн төсөл боловсруулагчдын сургалтыг хамтран зохион байгуулах боломжтойгоо илэрхийлжээ. Тэд дэлхийн 50-60 орны парламентын ажлын албаны ажилтнуудад ийм төрлийн сургалт явуулдаг аж.
Бэлтгэсэн С.Уул