Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Лок Сабха (Доод танхим)-ын бүтэц, зохион байгуулалт, хуулийн төсөл боловсруулах, хуралдааны дэг, хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх, чадавхжуулах тогтолцоо, парламентын боловсрол хэрхэн олгож буй талаар туршлага судлахаар тус улсад ажиллаж байна. Энэхүү ажлын айлчлалын хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх-тэй уулзжээ.
2023 онд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар БНЭУ-ын Лок Сабхагийн дарга Ом Бирлагийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов. Энэхүү 2023 оны айлчлалын хүрээнд хийгдсэн яриа хэлэлцээрийн нэг чухал хэсэг болсон Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон БНЭУ-ын Лок Сабхагийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх ажил энэхүү айлчлал, уулзалтаар бодит болж байна.
Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төсөл боловсруулагчдыг чадавхжуулах сургалтыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулж ирсэн. Цаашид хуулийн төсөл боловсруулагчдад зориулсан ахисан шатны, олон улсын түвшний сертификат олгох сургалтыг зохион байгуулах зорилтыг БНЭУ-ын Лок Сабхагийн Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
БНЭУ-ын парламентын Лок Сабхагийн Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх “Манай улсын парламентын зүгээс дэлхийн 50-60 орны парламентын ажлын албаны ажилтнуудыг оролцуулсан хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнд Монгол Улсаас ч хамрагдаж, амжилттай суралцаж, үр өгөөжийг хүртэж ирсэн. Цаашид хуулийн төсөл боловсруулагчдын сургалтыг ямар хэлбэр, агуулгаар, хэрхэн зохион байгуулах талаарх санал бодлыг авч, энэхүү хөтөлбөрийг улам баяжуулан хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.
Түүнчлэн БНЭУ-ын парламент нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд хурдацтай нэвтрүүлжээ. Энэ хүрээнд парламентын номын сангаа цахимжуулах ажлыг эрчимжүүлж байгаа аж. Иймд БНЭУ-ын парламентын номын санд хадгалагдаж буй баялаг ном бүтээл, парламентаар хэлэлцэж буй асуудал, мэтгэлцээн, парламентын хуралдааны тэмдэглэл, батлагдсан хууль, тогтоомжтой Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд цахимаар танилцах боломжийг цаашид судлан шийдвэрлэх боломжтой.