Зудын нөхцөл байдлын мэдээллийг УОК-ийн Шуурхай штабаас өдөр бүрийн 11.00 цагт мэдээлж байна. Өнөөдрийн мэдээллээр ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох мэдээллийг өглөө.
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг “Одоогийн байдлаар 2 136 503 толгой мал хорогдоод байна. Үүнээс Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Архангай аймгуудад тус бүр 713-170 орчим мянган толгой мал хорогджээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд долоон чиглэлд баг гарган ажиллаж байна. Энэ хүрээнд улсын болон аймгийн нөөцийг малчдад хүргэх ажлуудыг хийж дуусгажээ. Цаашид хоёр дахь шат буюу Хүнс хөдөө аж ахуйн корпорацийн нөөцөлсөн тэжээлийг мөсөн болон цагаан зудтай байгаа аймаг, сумдад хүргэхээр гэрээ хийгдлээ. Тодруулбал, мөсөн зудтай аймгуудад 150 тонн, цагаан зудтай аймгуудад 75 тонн тэжээлийг хүргэхээр хувиарлав. Архангай, Булган, Баянхонгор, Дорноговь, Завхан, Төв, Хэнтий, Хөвсгөл, Дорнод аймгуудад түгээлт хийнэ. Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2 136 563 толгой мал хорогдоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар өсжээ. Тодруулбал Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймгуудад малын хорогдол хамгийн өндөр байгаа аж. 2010 оны зуданд улсын хэмжээнд 10.3 сая гаруй толгой мал хорогдож, тухайн жилийн мөн үед 1 536 916 толгой мал хорогдсон” гэлээ.