УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Румынд айлчилжээ. Энэ үеэр гишүүд тус улсын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Николае-Ионел Чукад бараалхан, улс төрийн яриа хэлэлцээ, тэр дундаа хууль тогтоох байгууллагын хоорондох харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиох бөгөөд үүнийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг Гадаад харилцааны яамд болон парламентын бүлгүүдийн түвшинд ажиллуулах саналыг Сенатын танхимын ерөнхийлөгч дэмжихээ илэрхийлжээ. Үүний сацуу хоёр улс Элчин сайдын яамаа харилцан нээхгүйгээр найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх боломж хязгаарлагдмал болохыг онцолсон байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүд тус улсын парламентын Дээд болон Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хороо, Сенат дахь Румын-Монголын найрамдлын бүлгийн удирдлага, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзжээ.