Зудад өртсөн аймаг, сумын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор 321 эмчийг орон нутагт томилолтоор ажиллуулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд өчигдөр гаргажээ. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “ЭМЯ-ны харьяа, төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудад суралцаж байгаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй 321 резидент эмчийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллуулахаар шийдвэрлэсэн. Зудад өртсөн, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумуудад тэд ажиллана. Зарим сумд эмч дутагдаж, иргэд тусламж, үйлчилгээ авч чадахгүй байсан асуудлыг ийнхүү шийдвэрлэж байна. Харин өдгөө тулгарч буй нэг асуудал нь хөдөөний эмнэлгүүдэд түргэн тусламжийн, туулах чадвар сайтай машин дутагдаж байгаа нь юм” гэв.
Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын долоон шуурхай баг орон нутагт ажиллаж буй гэнэ. Тэдгээр багт төрөлжсөн мэргэжлийн болон сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар багтсан байна. Түүнчлэн зудад өртсөн 3585 өрхөд эмийн багц хүргээд буйг ЭМЯ-наас мэдээлсэн.
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн гурав хүртэлх сарын нөөц бий гэнэ.
Бэлтгэсэн М.Оч