УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогоос гажих ёсгүй. Мөн санхүүгийн эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан бол зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагад нийцэж байхаар хуульчилсан. Эдгээрийг төрийн аудитын байгууллага хянаж, дүгнэлт гаргах үүрэгтэй. Үүнийг гүйцэтгэхээр Үндэсний аудитын газраас ажлын хэсэг байгуулжээ.
Энэ удаагийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу ирэх сарын 22-24-нд нам, эвсэл, дөрөвдүгээр сарын 22-24-нд бие даан нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад хандах ёстой. Улмаар Үндэсний аудитын газар нам, эвслийн дүгнэлтийг санал хураалтын өдрөөс 60, бие даан нэр дэвшигчийнхийг 33-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. Харин мөрийн хөтөлбөр нь дээрх шаардлагуудыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тухайн нам, эвсэл, нэр дэвшигч нь тав хоногийн дотор зөрчлөө арилган, Үндэсний аудитын газарт дахин илгээхээр заасан байна.