Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын Парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад албан айлчлал хийв.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын эрдэмтэн, академич Константин Барбуг хүлээн авч уулзлаа.
Академич Константин Барбу нь олон жилийн туршид дэлхийн улс орнуудын архив, номын сан, хувь хүмүүсийн цуглуулгад буй Монголын эрт үеийн түүхийн холбогдолтой судалгааны эх сурвалжуудыг цуглуулан судалж иржээ. Тэрбээр цуглуулсан эх сурвалжуудаа эмхэтгэн хэвлүүлэхэд 1000 орчим боть ном болох боломжтой хэмээн танилцуулав.
Мөн тэрбээр "Monumenta Mongoliae historica" хэмээн нэрлээд буй түүхэн эх сурвалжуудын цувралынхаа загвар болгож эхний 10 боть номыг өөрийн зардлаар хэвлүүлэн, 10 газрын зургийн хамт Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдөд гардуулах үеэрээ Монгол Улсын төр засгийн зүгээс уг төслийг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Энэхүү 10 ботид Рашид Ад Динийн Судрын чуулганы гар бичмэлийн хэд хэдэн хувилбар болон Марко Пологийн тэмдэглэлийн гар бичмэл зэрэг перс, латин хэлээр хадгалагдаж буй түүхийн үнэ цэнэтэй эх сурвалжууд багтсан гэж байлаа.