Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Энэ үеэр хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгааг талууд онцолсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, бүтээмжид суурилсан цалингийн тогтолцоог бүрдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжсэн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тусгасан. Шинэ сэргэлтийн бодлого, төрийн албаны шинэчлэлийн зорилтын дагуу Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Мөн тэтгэвэр 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн. Засгийн газар Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаасМонгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт нийлүүлэлтийн таамаглалыг судалгааны байгууллагатай хамтран хийсэн. Энэхүү судалгаагаар манай улсад хүн амзүйн шалтгаантай ажиллах хүчний хомсдол үүссэн. Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжилтэн дутмаг, бүтээмж бага байна гэдэг нь харагдсан. Тиймээс эдгээр асуудалд цаашид анхаарч, хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийх шаардлага үүсэж байна” гэсэн юм.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл танилцуулсан. Манай улсын экспортын 93 хувь уул уурхайгаас хамааралтай байна. Тиймээс Засгийн газар баялгийн реформ хийсэн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 2019 онд улсын төсөвт төлсөн татвар хураамж 962 тэрбум төгрөг байсан бол 2023 онд анх удаагаа хоёр их наяд төгрөг төвлөрүүлсэн. Оюутолгойн хэлэлцээр амжилтай болж Монгол Улсын 34 хувьд ногдох 2.3 тэрбум долларын өрийг тэглэсэн. Нүүрсийг уурхайн амнаас биш хил үнээр биржээр арилжаалдаг болсноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн. Авлигатай тэмцэж, далд эдийн засгийг ил болгосноор тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэх боломж бүрдсэн. Энэ жил, дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг дахин нэмнэ. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл өгч буй нь үр дүнгээ үзүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Уулзалтын үеэр 21 аймаг, есөн дүүргийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар саналаа хэлэв. 30 жил шийдээгүй асуудлыг энэ Засгийн газар гурван жилд шийдэж буйд талархал илэрхийлэхийн зэрэгцээ зудтай байгаа энэ үед малчдадаа туслах Засгийн газрын санаачилгыг үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд дэмжихээ илэрхийллээ.
Мөн Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулж батлуулах, Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотой гарсан Засгийн газрын 370-р тогтоолыг шинэчлэх, хөдөлмөрийн хяналтыг үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэлд байлгах, зудтай байгаа энэ үед малчдын эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарахыг Ерөнхий сайд хүслээ.