Өмнөговь аймгийн “Хамгаалагдсан ирээдүй” хүүхдийн хөгжил, хамгааллын зорилтот жилийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, олон улсын “Найрамдал” цогцолбор, Урлаг, боловсролын академи зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Тодруулбал, Аймгийн ИТХ-ын 15/8 дугаар тогтоолоор 2024 оныг "Хамгаалагдсан ирээдүй" Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан билээ. Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд байгууллага, аж ахуй нэгж бүр хүүхдийг сонсож, хүүхдэд ээлтэй бодлого хөтөлбөр хэрэгжүүлэн, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжсэн арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэхийг чиглэл болгож ажиллана. Жилийн ажлын гол зорилго бол хүүхдийг аливаа төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, хүсэл мөрөөдлийг нь сонсож, тэдний эрхийг хүндэтгэж, айл өрх, албан байгууллага бүр хүүхдийн асуудлыг нэгдүгээрт тавьж, хүүхдийн өмнө үүрэг хүлээн ажиллаж байгаа төр, ТББ, ААН, иргэн бүр анхаарах юм. Аймгийн удирдлагуудаас аливаа бодлого шийдвэр гаргахад болон, хийж хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагаануудад хүүхдийн санал хүсэлтийг тусгаж, тэдний оролцоог илүү хангаж, бүх салбарт хамтран ажиллахыг зорино гэдгээ нээлтийн үеэр онцлон хэллээ.