Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын (ICAPP) Залуучуудын VII хурал бямба гарагт Төрийн ордонд эхлэв. Уг хуралд ОХУ, Азербайжан, Индонез, БНСУ, Камбож, Иран, Лаос, Казахстан, Узбекистан, Малайз, Вьетнам, Турк улсын 17 намын залуучуудын төлөөлөл оролцож байгаа аж. Тэд дуу хоолойгоо нэгтгэн, бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцон, энх тайван, хөгжлийн талаар ярилцаж байна. МАН болон тус намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооноос уг хурлыг зохион байгуулж буй аж. Өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатарт болсон VI хурлын үеэр УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралыг ICAPP-ын Залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгосон билээ.
Дэлхийн нийт хүн амын 30 гаруй хувь нь 20-29 насны залуучууд бөгөөд тэдний 2.8 хувь нь парламентад сонгогдон ажиллаж байна. Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт хэмээн олон оронд үздэг учраас дээрх хурлыг “Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” сэдвийн дор зохион байгуулж буй гэнэ. Орчин цагийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлж, тодорхой шийдвэр гаргахад залуусын оролцоо чухал гэдгийг уг сэдэв нь илэрхийлж байгаа аж. Хуралд оролцож буй олон улсын намуудын төлөөлөл “Залуус тухайн улс орныхоо олон нийт, нийгэмтэй харилцах гол гүүр болдог. Тиймээс аль ч улс орон, тивд залуусыг сонсоод өнгөрөх бус, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нь хангах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, “Залуус болон нийгмийн бүх төлөөллийн оролцоог хангасан парламент байгуулах учиртай. Залуучууд сонгуульд өрсөлдөх, санал өгөх, УИХ-д сонгогдохоос гадна өөр олон хэлбэрээр улс төрд оролцох боломжтой. Үүний нэг нь дижитал шилжилт” хэмээн онцолсон байна.
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд дэлхийн 52 орны 350 гаруй улс төрийн нам элсжээ. Залуучуудын VII хурал маргааш дуусна.
Бэлтгэсэн С.Уул