Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлж эхэлжээ. Уг төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсны сацуу тэдэнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийнхэн ч бий аж. Хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлж, зургаан үндсэн зорилгын хүрээнд 14 зорилттой байхаар төсөлд тусгажээ. Үүнийг УИХ-ын цахим хуудас, d.parliament платформд нээлттэй байршуулж, хэлэлцүүлгийг олон нийтийн болон төрийн байгууллагуудын төлөөллийн дунд явуулж, санал авах гэнэ. Мөн саналаа бичгээр ирүүлэх боломжтой бөгөөд шат дараалан олон сувгаар нээлттэй хэлэлцүүлсний дараа төслийг УИХ-ын 2024 оны хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, сүүлийн таван жилд төрийн албан хаагчийн ёс зүйн 2474 зөрчил бүртгэгджээ.
Бэлтгэсэн Б.Уран